Гадаадаас ажиллах хүч авах шат дараалал

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВЧ АЖИЛЛУУЛАХАД ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР /ХХҮЕГ/-ААС АВАХ ҮЙЛЧИЛГЭЭ


- Хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл авах -УРИЛГА

- Хөдөлмөр эрхлэх ЗӨВШӨӨРӨЛ авах /ХЭЗ/

- Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгуулах - СУНГАЛТ

- Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусгавар болгох - ХАСАЛТ

- Ажлын байрны төлбөр буцаах /АБТБ/

- Тодорхойлолт гаргах

                                      

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН УРИХАД ЭХЛЭЭД ХААНА ХАНДАХ ВЭ?


- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтэс /АХШХХ/-т хандана.

Байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2-р давхарт 206 тоот өрөө

Утас: 70137003

- Аж ахуйн нэгж байгууллага /ААНБ/ нь өөрийн албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл авахад шаардагдах баримт материалыг жагсаалтын дагуу бүрдүүлэн өөрийн биеэр /ажлын газрын үнэмлэх, биеийн байцаалтын хамт/ ирж, АХШХХ-ийн мэргэжилтэнд хандана.

 

МАТЕРИАЛАА ӨГСНИЙ ДАРАА ЯАХ ВЭ?


- Хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл ажлын 10 хоногт багтаж гарна.

- ХХҮЕГ-аас урих зөвшөөрлийг албан тоотоор авч Гадаадын иргэн, харьяатын газар /ГИХГ/-т уг зөвшөөрлийг албан бичгийн хамт өөрийн биеэр хүргэж өгнө.

 

ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БУЙ ГАДААДЫН ИРГЭНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ /ХЭЗ/-ӨӨ СУНГУУЛАХ ШААРДЛАГА ГАРВАЛ ХААНА, ХЭНД ХАНДАХ ВЭ?

 

Та сунгалт хийлгэхдээ ХХҮЕГ-т ХЭЗ-ийн сунгалт хийлгэх тухай баримт бүрдүүлэн холбогдох мэргэжилтэнд хандаж хянуулна. Өөрийнхөө ажлын газрын үнэмлэхээ мэргэжилтэнд үзүүлнэ.

- Албан бичиг /ХЭЗ-өө ямар хугацаагаар сунгуулах тухай/

- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

- Тусгай зөвшөөрөл хуулбар /хавсралтуудын хамт/

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн сарын НД-7 маягтын хуулбар

- Гадаад иргэний паспортын хуулбар /солигдсон бол өмнөх гадаад паспортын дугаарыг тухайн хуулбар дээр тэмдэглэх/

- Гадаад иргэний гадаад паспортын нүүрэн хэсэг, HG визийн дардастай хэсгийн хуулбар, оршин суух үнэмлэхийг ар өвөргүй хуулбарлана

- Үйлчилгээний хураамж төлсөн баримт 22,500 төгрөг /1хүн, Төрийн сан, ХХҮЕГазар 100900017002 данс/

- Ажлын байрны төлбөр /1 хүн, сарын 480,000 төгрөг, Төрийн сан 100900037010 данс/ зэргийг бэлдээд ХХҮЕГ-аас гадаад иргэний лавлагаа, байгууллагын лавлагааны маягт авч бөглөн материалаа мэргэжилтэнд өгнө. Хариу ажлын 3-5 хоногт гарна. ХХҮЕГ-аас сунгалт хийлгэсэн албан тоотоо авч ГИХГ-т хандана.

 

ГАДААДЫН ИРГЭНИЙ МОНГОЛ УЛСАД ХӨДӨЛМӨРЛӨХ ХУГАЦАА ДУУСЧ МОНГОЛ УЛСААС ГАРАХ БОЛ:


Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан /шалтгаан гарч хугацаанаасаа өмнө Монгол Улсаас гарч явах болсон/ тохиолдолд ХХҮЕГ-т дараах баримт бичгийг бүрдүүлэн хандана. Үүнд:

- Хасалт хийлгэх тухай албан бичиг

- ААНБ-ын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

- Бүртгэлээс хасуулах гадаадын иргэний паспортын хуулбар

- ГИХГ-аас олгосон оршин суух зөвшөөрлийн үнэмлэхний хуулбар

 

Хариу ажлын 1 хоногт багтаж гарна.

 

МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ГАРСАН ГАДААДЫН ИРГЭНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨР УРЬДЧИЛАН ТӨЛСӨН ТОХИОЛДОЛД ХУГАЦААНААСАА ӨМНӨ ГАРСАН БОЛ ИЛҮҮ ТӨЛБӨРИЙГ БУЦААН АВЧ БОЛОХ УУ?


Танай байгууллагад ажиллаж байсан гадаадын иргэн хугацаанаасаа өмнө буцсан тохиолдолд урьдчилан төлсөн Ажлын байрны үлдэгдэл төлбөрийг буцаан авч болно.  Ажлын байрны төлбөрийн буцаалт авахад дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

- АБТБ авах тухай ААНБ-ын албан бичиг

- ГИХГ-аас тухайн гадаадын иргэний улсын хилээр гарсан буюу хасалт хийлгэсэн тодорхойлолт

- ХЭДС-нд тухайн ААНБ-аас төлбөр төлсөн баримтын хуулбар

- ААНБ-ын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 

- Гэрээний үндсэн дээр ажиллаж буй гадаадын иргэний паспортын хуулбар 

- ААНБ-ын төлбөрийн буцаалт хүссэн нэхэмжлэх /улсын бүртгэлийн гэрчилгээн дээр байгаа дансны дугаар бүхий/

 

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ МААНЬ ГАДААДЫН ИРГЭД АЖИЛЛУУЛСАН ТУХАЙ ТОДОРХОЙЛОЛТ ХҮСЭЖ БАЙГАА ТУЛ ХХҮЕГ НЬ ТОДОРХОЙЛОЛТ БОЛОН ЛАВЛАГААГ ГАРГАЖ ӨГӨХ БОЛОМЖТОЙ ЮУ?

- ААНБ-аас гадаадын иргэний талаарх тодорхойлолтыг авч болно. Үйлчилгээний хураамж төлөхөөс гадна, тодорхойлолт, тайлбар хүсэх тухай , лавлагааг авах үндэслэлээ сайн тусгаж хүсэлтээ албан бичгээр хандана.  Хариуг ажлын 5-10 хоногт гаргаж өгнө.

Та дээрх үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг:

Утас 70137003

Вэб хуудас: http://www.hudulmur-halamj.gov.mn болон үйлчилгээний танхимд байрлуулсан самбар, тараах материалуудаас асууж, мэдэх боломжтой.

Түүнчлэн ХХҮЕГ-ын АХШХХ-ийн мэргэжилтнүүдээс мөн зөвлөгөө авч болно. Хэрэв иргэн Та дээрх зөвлөмж, дарааллын дагуу баримт материалаа бүрэн авч ирсэн бол бид Танд чирэгдэлгүй шуурхай үйлчлэх болно.

 

ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖ, ЭРХИЙН АКТ

- Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хууль /2001.4.12/

- Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль /2010/

- Хөдөлмөрийн тухай хууль /1999.5.14/

- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль /2011.6.17/

- Монгол Улсын Засгийн газрын “Гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай” тогтоолууд

- Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоол /2013.4.11 дугаар 07/

- “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам” МУЗГ-ын 2015. 02.02 -ны өдрийн 41 дугаар тогтоол

- “БНАСАУ-аас Монгол Улсад ажиллах хүч авах асуудлаар Монгол Улсын Хөдөлмөрийн яам, БНАСАУ-ын Гадаад Худалдааны яамтай хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг” /2014.4.2/

- Хөдөлмөрийн сайдын “Гадаадаас ажиллах хүч мэргэжилтэнд зөвшөөрөл олгох тухай” тушаал, шийдвэрүүд

- Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээний Төвийн хамтарч ажиллах журам /2013.6.28. Захирлын А/76, А81 тоот тушаал/