Түгээмэл гардаг асуултууд

Асуулт: Аж ахуйн нэгж байгууллагуудаас ямар үндэслэлээр АБТ авдаг болон энэ төлбөр юунд зарцуулагддаг вэ?

"Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль"-ийн 9 дүгээр зүлйийн 9.1-т "ААНБ, иргэн нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө ажлын байрны төлбөрийг энэ хуулийн 9.2-т заасан хэмжээгээр төлнө." гэж, мөн зүйлийн 9.2-т "АБТ-ийн хэмжээ нь 1 сард гадаадын иргэн бүрд Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна." гэж тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл, монгол хүний ажиллах ёстой ажлын байранд зайлшгүй шаардлагаар гадаадын иргэн ажиллуулж орлого олж байгаа учраас уг орлогоосоо монгол хүнд ажилтай болоход нь зориулж тодорхой хэсгийг нь зарцуулахыг хуулиар зохицуулсан байна. Энэхүү төлбөр нь “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”–ын 3.1, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулагдаж байна.

 

Асуулт: Гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа бол Хөдөлмөр эрхлүүлэхээр урих зөвшөөрлийг заавал авах ёстой юу, ямар үндэслэлээр түүнийг олгох вэ?

Заавал авна. Учир нь Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхээр урих зөвшөөрөл нь тухайн байгууллагад гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахыг зөвшөөрсөн баримт юм. Энэ утгаараа гадаадын иргэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэхэд олгох "HG" ангиллын виз олгох суурь үндэслэл болно.

 

Асуулт: Гадаадын иргэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг ямар хугацаагаар олгодог вэ?

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь нэг жил буюу 12 сар хүртэл хугацаатай байх бөгөөд зөвшөөрлийн хугацааг байгууллагын хүсэлт, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний үр дүн, цаашид ажиллуулах болсон шалтгааныг судалж, шалгасны үндсэн дээр сунгаж болно. Гадаадын иргэнд олгох хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг тухайн байгууллагын албан бичгээр хүсэлт тавьсан өдрөөс эхлэн тооцно.

 

Асуулт: Визгүй зорчих паспорттой гадаадын иргэнийг урихад Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхээр урих зөвшөөрөл авах шаардлага бий юу?

Визгүй зорчих паспорттой бол тус улсад хөдөлмөр эрхэлж болно гэж ойлгож болохгүй. Ийм төрлийн паспорттой иргэн зөвхөн 30 хоног зорчих эрхтэй байдаг учир ирэхээсээ өмнө хөдөлмөр эрхлүүлэхээр урих зөвшөөрлийг урьдчилж авсан байх шаардлагатай.

 

Асуулт: Монгол ажиллагчдын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт юунд хэрэгтэй вэ?

Дотоодын ажилчдын тоог үнэн зөв, бодитой гаргуулахын тулд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй байгууллага нь тухайн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс, нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй байгууллага нь Улсын нийгмийн даатгалын ерөнхий газраас НДШ-ийн НД-7 маягт гаргуулна. Засгийн газраас жил бүр гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг эдийн засгийн үйл ажиллагааны салбар, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан нийт ажиллагчдын тоонд гадаадын иргэдийн эзлэх хувиар тооцож тогтоодог учир дээрх маягтыг үндэслэн тухайн байгууллагад хөдөлмөр эрхлэх гадаадын иргэдийн тоог тооцож зөвшөөрөл олгодог.

 

Асуулт: Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэрээ нь Хөдөлмөрийн гэрээнээс ялгаатай юу?

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэрээ нь хоёр улсын хуулийн этгээдүүдийн хооронд ажиллах хүч, мэргэжилтэн авах, нийлүүлэх талаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын ерөнхий нөхцөлүүдийг харилцан тохиролцсон гэрээ юм. Энэ гэрээний дагуу орж ирсэн гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авч ажиллахдаа ажил олгогчтой монгол иргэдийн адил Хөдөлмөрийн гэрээ байгуулна. Энэхүү Хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогч болон гадаадын иргэний хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэнийг, харилцан үүрэг хариуцлага хүлээж буй нотлох баримт болно.

 

Асуулт: Гадаадын иргэн нь харьяалагдаж байгаа байгууллагаасаа өөр байгууллагад шилжин ажиллаж болох уу?

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй гадаадын иргэн нь анхны байгууллагатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан тохиолдолд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, гэрээ цуцлах болсон шалтгааныг үндэслэн зохих журмын дагуу шинээр зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэнэ.

 

Асуулт: Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээний хураамжийн хэмжээг ямар эрх зүйн баримт бичгээр яаж тогтоосон бэ?

Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээ үзүүлсний төлөө Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын тогтоосон хэмжээгээр үйлчилгээний хураамж авна. Энэхүү үйлчилгээний хураамж авах журам болон хураамжийн хэмжээг Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан А/108, А/149 тоот тушаалаар баталсан болно.

 

Асуулт: Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгоход хэдэн хоногийн дотор шийдвэрлэх вэ?

Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан А/108, А/149 тоот тушаалын 3.8-д заасны дагуу АХШХХ нь гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл /урилга/ олгох тухай байгууллага, иргэний хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хонгийн дотор, гадаадын иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох болон зөвшөөрлийн хугацаа сунгах асуудлыг ажлын 3-5 хоногт шийдвэрлэнэ.

 

Асуулт: Хөрөнгө оруулагч гадаадын иргэн “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл”-ийг заавал авах ёстой юу?

Хөрөнгө оруулагч нь мэргэжил, албан тушаал биш. Харин хөрөнгө оруулагч этгээд нь өөрөө ажил, үйлчилгээ эрхлэх бол тухайн ажил мэргэжил, албан тушаалаараа Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах ёстой. Аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгө оруулагч талын 3 хүртэлх гадаадын иргэнийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө.

 

Асуулт: Гадаадын иргэдийн ажлын байрны төлбөр нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 43.2-т заасан төлбөрөөс ямар ялгаатай вэ?

“Ашигт малтмалын тухай” хуулийн 43.2-т заасан төлбөр нь гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо тогтоосон хувь хэмжээнээс илүү гарсан тохиолдолд уг хувь хэмжээнээс илүү орж ирсэн гадаадын иргэдэд ногдуулж буй төлбөр юм. Энэ төлбөр орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулагддаг. Харин ААНБ-ын төлж байгаа ажлын байрны төлбөрийг гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө дотоодын иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор төлж байгаа төлбөр гэж ойлгоно. Тэр нь “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-г бүрдүүлэх нэг эх үүсвэр болдог бөгөөд ажлын байр бий болгох, ажилгүйдлийг бууруулах арга хэмжээнд зарцуулагддаг болно.

 

Асуулт: Ямар тохиолдолд ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөх вэ?

Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага, боловсрол шинжлэх ухааны салбарт ажиллах багш, зөвлөх мэргэжилтнүүд, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагатай хийсэн гэрээ, хэлэлцээрийн дагуу ажиллаж буй ажилтан, мэргэжилтнүүд төлбөрөөс чөлөөлөгдөнө. Монгол Улсад байнга оршин суугч, цагаач иргэд төлбөр төлөхгүй. АБТ-өөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх журмыг Монгол Улсын Засгийн газраас тогтоодог. Мөн хөрөнгө оруулагч, удирдах бүрэлдэхүүний 3-аас дээшгүй гишүүн ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөнө.

 

Асуулт: Ямар тохиолдолд ажлын байрны төлбөрөөс хөнгөлөгдөх вэ?

Яам, Засгийн газрын агентлагийн байгуулсан гэрээ, албан ёсны урилгын дагуу хамтын ажиллагааны шугамаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгүүлэх, зөвлөгөө авах зорилгоор гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулах тохиолдолд ХНХЯамны шийдвэрээр ажлын байрны төлбөрөөс 50 хувиар хөнгөлнө.

 

Асуулт: Ажлын байрны төлбөрийг байгууллагад буцааж олгож болох уу?

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл бүхий гадаадын иргэн нь тухайн байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ хугацаанаас өмнө цуцалсан иргэнийг манай байгууллагаас ХЭЗ-өө цуцлуулж хасуулсан буцсан тохиолдолд ажиллаж байсан байгууллагын болон Гадаадын иргэн, харьяатын газарт тодорхойлолтыг үндэслэн урьдчилан төлсөн төлбөрийн зөрүүг нь төсөвт жилд багтаан буцаан олгож байна.

 

Асуулт: Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг хүндэтгэх бус шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд яах вэ?

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хүндэтгэх бус шалтгаанаар 3-аас дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахгүй, тухайн иргэний талаар Гадаадын иргэн, харьяатын газарт мэдэгдэж, хуулийн дагуу зохих арга хэмжээ авна.

 

Асуулт: Байгууллага нь Хөдөлмөрийн гэрээгээр авч ажиллуулж байгаа гадаадын иргэний өмнө ямар хариуцлага хүлээдэг вэ?

Байгууллага нь гэрээгээр авч ажиллуулж байгаа Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй гадаадын иргэний өмнө монгол иргэдийн өмнө хүлээдэг үүргүүдээс гадна ажиллах хүч авах гэрээнд тусгагдсан үүргийг хүлээнэ. Түүнчлэн түүнийг Хөдөлмөрийн гэрээ дуусмагц эх оронд нь буцаах арга хэмжээ авах үүргийг хуулийр хүлээнэ.

 

Асуулт: Гадаадын иргэнийг хууль бусаар ажиллуулсан нөхцөлд ямар хариуцлага хүлээх вэ?

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулсан тохиолдолд учруулсан хохирлыг төлүүлж, гэм буруутай албан тушаалтныг торгоно.

 

Асуулт: Хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан гадаадын иргэнийг эх оронд нь буцаах үүргийг хэн хариуцах вэ?

Гадаадын иргэний хугацаа дуусмагц эх оронд нь буцаах үүргийг ажиллуулж байсан байгууллага нь хуулийн дагуу хариуцна. Гадаадын иргэнийг эх оронд нь буцаахаас санаатайгаар зайлсхийсэн, тэдэнд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх боломж олгосон албан тушаалтныг торгоно.

 

Асуулт: Хуулийн ямар үндэслэлээр гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах вэ?

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бол гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах хуулийн заалттай.