Салбар дундын мэдээллийн сан

САЛБАР ДУНДЫН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Судалгаа хийх тухай” чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан нийт хүн амд чиглэсэн нийгмийн хамгааллын бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилтуудын хүрээнд өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг улсын хэмжээнд зохион байгуулж мэдээллийн нэгдсэн санд оруулж цаашид нийт хүн амд чиглэсэн аливаа төрлийн үйлчилгээ, тусламжийг үзүүлэхэд нэгэн зэрэг ашиглах боломжийг бүрдлээ.

 

САЛБАР ДУНДЫН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ЗОРИЛГО

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлсон өрх, иргэний нийгэм, эдийн засгийн талаархи мэдээллийг нэгтгэж амьжиргааны түвшингээр эрэмбэлэн хэрэглэгчдийг шаардлагатай мэдээллээр хангах болон дээрхи мэдээллийн сангийн байнгын найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн ажилбаруудыг хийхэд чиглэгдэнэ.

 

Салбар дундын мэдээлийн нэгдсэн санг цаашид олон салбарын зориулалтаар хэрэглэгчдэд зохистой хэлбэрээр түгээн, мэдээллийн сангийн ашиглалт, хэрэглээ, зохицуулалт, санг шинэчлэх зэрэг харилцааг зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангахад зориулсан холбогдох заавар, журмыг боловсруулах ажил хийгдэж байна.

 

Уг мэдээллийн санг цаашид нийт хүн амд чиглэсэн нийгмийн хамгааллын арга хэмжээ, үйлчилгээ тусламжийг зохион байгуулахад зориулан ашиглах хэрэгцээ бүхий хэрэглэгчид болон өрх хүн амын бүлгийн талаархи мэдээлэл хэрэгцээтэй байгаа судлаачид, ТББ-д, оюутан залуучууд, засаг захиргааны ажилтан, албан хаагчид СДМС-г ашиглана.

 

Уг мэдээллийн санг ашигласнаар цаашид нийт хүн амд чиглэсэн нийгмийн хамгааллын болон бусад чиглэлийн үйлчилгээ, тусламж хөтөлбөр арга хэмжээг оновчтой удирдлагаар хангах, үйлчилгээ тусламжийг зорилтот бүлэгт чиглүүлэх нөхцлийг хангахад чиглэсэн удирдлагын зохистой бодлогыг хэрэгжүүлэхэд үр дүнгээ өгөх ач холбогдолтой юм.

 

Мэдээллийн сангийн агуулга, бүтэц, аюулгүй байдлын талаар. СДМС нь өрх хүн амын талаархи мэдээллийн нэгдсэн болох учир түүний мэдээллийн төрөл, аюулгүй ажиллагааны талаар холбогдох журмын тодорхой заалтуудаар зохицуулагдана.

 

Мэдээллийн сан болон серверийн нууцлал, хамгаалал, аюулгүй байдал нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны “Мэдээллийн аюулгүй байдлын бодлого” болон мэдээллийн технологийн MNS-27002-2007, MNS270001-2009 стандартуудад нийцүүлэгдсэн байхаар хийгдэж байна.