БНСУ-ын Цагаачлалын албанаас хууль бус ажилчдыг хөдөлмөр эрхлүүлж буй аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж байна

 

БНСУ-д 2017 оны 11-р сарын 7-ны өдөр Сүвон хотын Цагаачлалын алба зэрэг холбогдох бусад 6-н байгууллага хамтран, 71-н хүний бүрэлдэхүүнтэйгээр хууль бус хөдөлмөр эрхлэлтийг илрүүлэх зорилгоор Кёнги аймгийн Ичон хотод байрлах нэгэн аж ахуйн нэгжид шалгалт хийж, хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй 191 гадаад ажилчинг илрүүлсэн байна.

 

Тус Улсын Цагаачлалын албанаас “Манай улсын иргэдийн ажлын байранд саад учруулж, хууль бус ажилчдыг хөдөлмөр эрхлүүлж буй аж ахуйн нэгжүүдэд цаашид байнгын шалгалт хийх болно” хэмээн албан ёсны цахим сайтаараа дамжуулж мэдэгдсэн байна.

 

Иймээс БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол улсын иргэд дахин хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн бичиг буюу 3-н сарын бичгээ авсан хугацаандаа ямар нэгэн хууль бус хөдөлмөр эрхлэхгүй байж, БНСУ-ын Хөдөлмөрийн Яамны харьяа Хөдөлмөрийн Биржээс санал болгосон албан ёсны ажлын байранд хууль ёсны дагуу хөдөлмөр эрхлэхийг та бүхэндээ сануулж байна.

 

БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төв

Хэвлэх Share