ХХҮЕГ-ЫН АХШХГ-ЫН ДАРГА З.БУЯНБАДРАХ БНСУ-ЫН АҮХНХЭГ-ЫН ГАДААД АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ГАЗРЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ

 

ХХҮЕГ-ЫН АХШХГ-ЫН ДАРГА З.БУЯНБАДРАХ БНСУ-ЫН АҮХНХЭГ-ЫН ГАДААД АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ГАЗРЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ

 

БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар, Солонгосын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн хамтарсан Монгол дахь албан томилолтын хүрээнд 5 дугаар сарын 27-ны өдөр Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрах АҮХНХЭГ-ын Гадаад ажиллах хүчний газрын дарга Ким Дон Хо, СҮСН-ийн дарга Чан Сэн Жон болон албаны бусад төлөөлөгч нарыг хүлээн авч уулзан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

З.Буянбадрах Монгол Улс нь БНСУ-тай ажилтан илгээх болон хүлээн авах тухай Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан анхны 4 Улсын нэг бөгөөд тус онд БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо хэрэгжиж эхэлсний 15 жилийн ой тохиож буйд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагааг улам бэхжүүлж ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн 2019 оны Сонгон шалгаруулах онооны тогтолцооны хүрээнд СХТТШ-д тэнцэх иргэдийн тоо бага байгаа учир босго оноог 90 болгож бууруулах, мөн БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгэгдсэн хэдий ч ажлын санал ирээгүй 1,150 эмэгтэй ажил хайгчдыг ажлын байранд зуучлах тал дээр дэмжлэг хүсэв.

АҮХНХЭГ-ын Гадаад ажиллах хүчний газрын дарга Ким Дон Хо манай Улсын Аж үйлдвэрийн салбарт хүний нөөцийн дэмжлэг үзүүлэн ажилладагт талархал илэрхийлэв. БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас гаргасан бодлогын баримт бичигт Сонгон шалгаруулах онооны тогтолцооны хүрээнд СХТТШ-ын босго оноог жил бүр 5 оноогоор нэмэгдүүлэхээр тусгасан. Мөн бусад орны хувьд солонгос хэлний чадвар өндөр, өрсөлдөөн их байдаг тул босго оноо 115 буюу түүнээс дээш байдаг. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо нь аливаа гуравдагч этгээд оролцохоос ангид бүтэцтэй байдаг тул ажил олгогч зөвхөн аль улсын хэнийг ажилтнаар өөрийн үйлдвэртээ авч ажиллуулах сонголтоо хийдэг. Ажил олгогч эздүүдийн хувьд хүчтэй, ажлын туршлагатай Эрэгтэй ажил хайгчдыг түлхүү сонгодог тул хөдөлмөрийн биржид эмэгтэй ажил хайгчдын нөөцийн бүрдэл өндөр байдаг нь бусад улсад ч тулгарч буй асуудал юм хэмээв.

Солонгосын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн зүгээс Хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-руу явахын өмнө авдаг Эрүүл мэндийн үзлэг шинжилгээний хүрээнд цээжний рентген зургийг хоёр улсын эмнэлэгийн байгууллагууд хянах боломжтой програм хангамжийн төслийг танилцуулсан. Энэ нь БНСУ-д очсоны дараах хяналтын шинжилгээнд тэнцэлгүйгээр нутаг буцах иргэдийн тоог цөөрүүлэх зорилготой бөгөөд талууд энэ чиглэлээр хамтран ажиллахаар болов.

 

 

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ГАЗАР


Хэвлэх Share