Ц.Эрдэнэболд: Нэр татуулна гэдэг худлаа, энд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа монголчууд бүгд үүнийг гэрчилнэ.

 

Ц.Эрдэнэболд: Нэр татуулна гэдэг худлаа, энд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа монголчууд бүгд үүнийг гэрчилнэ.

 

Ц.Эрдэнэболд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр 2018 оноос хойш ажиллаж буй юм. Тэрээр Туушин зочид буудалд ажиллаж байгаад гэрээний ажилчдын сонгон шалгаруулалтад тэнцэн гадаад орныг зорих болсон юм. Ингээд түүний солонгос улс дахь ажил, амьдралын талаар ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.   

Мэргэжилтэн: Сайн байна уу? Анх яаж Хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-ыг зорьсон тухайгаа хуваалцаач?

Ц.Эрдэнэболд: Манай үйлдвэрийн захирал урьд өмнө нь гадаад улсаас хууль журмын дагуу ажилчин авч ажиллуулж байгаагүй юм билээ. БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд гадаад улсаас ажилчин авч ажиллуулж болдог тухай сонсоод Монгол Улсаас 3 хүн сонгож авсны нэгт би багтсан байсан. Улмаар 2018 оны 9 дүгээр сард БНСУ-ын Хвасон хотын Намян дүүрэгт байрладаг төмрийн үйлдвэр /Samchully co.,ltd/-т туслах ажилтнаар очсон. Биднийг очих үед хоёр монгол ажилчин байсан бөгөөд хийх ажлыг минь зааж өгч, тусалж дэмждэг байсан.  

Мэргэжилтэн: Анх ажлын байрандаа дасан зохицоход ямар байв?, хэлний бэрхшээл тулгарч байсан уу?, шинээр очих иргэдэд хандаж ямар зөвлөгөө өгмөөр байна?

Ц.Эрдэнэболд: Миний хувьд ажилдаа дасан зохицоход гурван сарын хугацааг зарцуулсан. Шинээр очиж буй зарим Монгол иргэд долоо ч хонолгүйгээр, яаж үйлдвэрээ солих тухай асууж сураглаж байсан тохиолдол цөөнгүй гарсан. Монголоос ирэх үедээ ямар ажилд зуучлагдаж байгаа болон гардаж хийх ажлаа сайтар ухамсарлан судалж ирэхгүй бол ажлаа шууд солих нь үйлдвэрийн захиралд ч, өөрт нь ч хохиролтой байдаг. Яагаад гэвэл, үйлдвэрийн захирал нь гадаадаас ажилтан авч ажиллуулахын тулд улсдаа төрөл бүрийн татварууд төлдөг, ажилтаны хувьд гэвэл хөдөлмөрийн гэрээгээр 4 жил 10 сарын турш анх ирсэн үйлдвэртээ тогтвортой, хууль журмын дагуу ажиллаагүй бол тогтвортой ажилчдад үзүүлдэг бүртгэл, шалгалтаас чөлөөлөгдөн дахин ажиллах боломжийг үгүй хийдэг.

Мэргэжилтэн: Анх явахдаа санхүүгийн зээл авсан байсан уу?, өөртөө хэр том зорилго тавьж байсан вэ?, түүнээс биеллээ олсон, амжилттай байсан зүйлээсээ хуваалцаач?

Ц.Эрдэнэболд: Анх ирэхдээ цалингийн зээлтэй байсан. Монголд байхдаа Туушин зочид буудалд ажиллаж байсан. Одоо бараг төлөөд дуусч байгаа. Ирсэн даруйд санхүүгийн асуудал зөндөө байсан хэдий ч одоо бараг цэгцэрч байна. Байр лизингээр авсан тул төлбөрөө цаг тухай бүрт нь төлөхийн тулд сайн ажиллахыг зорьж байна. Зорилго маань эхнээсээ биелэж байгаа. Солонгост ирээд ажил, амралт хоёроо сайн зохицуулах гэж хичээж байна. Долоо хоногийн зургаан өдөр 12 цагаар ажилладаг учраас сайн унтаж амрахгүй бол ядардаг, гадуур гарч явах цаг зав бараг гардаггүй.

Мэргэжилтэн: Эрүүл мэндээ үзүүлж цоо эрүүл хүн яваад өвчний үүр болж ирдэг, олсон жаахан мөнгөө эрүүл мэнддээ буцаан зардаг гэж хүмүүс ярьдаг энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

Ц.Эрдэнэболд: Би бол тэгж боддоггүй. Бид нар солонгос хүмүүстэй яг ижил түвшинд ажиллаж, амарч ижил цалин авдаг. Одоогоор ямар нэгэн ялгаварлан гадуурхалтад өртөөгүй байна. Үйлдвэрээс жилд нэг удаа багц үзлэг шинжилгээнд хамруулдаг. Манай Монголчууд ажил хийхдээ жаахан махруу, тэрэндээ болж ядрах гээд байдаг юм шиг санагддаг. Орчны нөлөө, хоол унднаас бас болдог байх.

Мэргэжилтэн: Чөлөөт цагаар гадуур гарахад оршин суухтай холбоотой шалгалтуудтай таарч байсан уу?

Ц.Эрдэнэболд: Гадуур явж байхад хааяа шалгалт таардаг ч тийм олон бол биш. Гурван сарынханы хажууд маш олон давуу талтай. Бидэнд төрөл бүрийн даатгалууд байгаа, 13 дахь сарын цалингаа авдаг, жилдээ Монголруугаа нэг удаа очиж амардаг гэх зэрэг их олон давуу талтай.

Мэргэжилтэн: БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харъяа гадаад иргэдийн дэмжих төвүүдээс эрхлэн явуулдаг төрөл бүрийн үнэ төлбөргүй сургалтууд байдаг. Үүнд хамрагдаж чадаж байна уу?

Ц.Эрдэнэболд: Сургалтад суугаад байх зав бараг гардаггүй. Сургалтын зарыг бол олон удаа харж байсан. Ажлын цаг багатай үйлдвэрт ажилладаг манай улсын иргэд хамрагдаж мэдлэг боловсролоо дээүлүүлэхэд их зүгээр санагдсан.

Мэргэжилтэн: Хөдөлмөрийн биржид байршсан иргэдийг кодоор татуулна гэж зар их явах юм. Орчинд нь байгаа хүний хувьд энэ хэр үнэн бодитой талаар сонирхож үзсэн үү?

Ц.Эрдэнэболд: Миний хувьд бусад иргэдийн л адил амьдралаа дээшлүүлэх, мөрөөдлөө биелүүлэх зорилгоор Хөдөлмөрийн гэрээгээр явах хүсэлт гарган бүртгүүлж, ажлынхаа хажуугаар солонгос хэлний шалгалтад бэлтгэж, тэнцэн солонгосын бирж дээр ажил хайгчаар байршсан. Туушин зочид буудалд ажил хийдэг байсан болохоор хурдан явъя гэж ч бодоогүй байсан. Төд удалгүй Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ажлын санал ирсэн тухай баяртай мэдээг утсаар дуулгасан. Манай үйлдвэрийн захирал биржээсээ өөрөө очиж, гурван монгол хүн сонгож авсан юм билээ. Хувийн жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс үйлдвэрлэл бүтээмжийг дээшлүүлэх үүднээс ажил сайн хийдэг, зөв хандлагатай, хүнээс үг сонсож сурсан хүн сонгох хүсэлтэй байдаг юм билээ. Сүүлийн үед манай үйлдвэрийн захиалга эрс нэмэгдэж, захирал маань дахин монгол хүн авах хүсэлтэй байгаагаа бидэнд хэлсэн.

Бид ч бирж дээр ажил хайгчаар байршсан ажил сайн хийж чадах ах дүү, хамаатан байгаа тухай дуулгаж, овог нэр, регистерийн дугаар, бүртгэлийн дугаар гэх зэрэг мэдээллүүдийг захиралдаа өгч биржрүү явуулсан. Гэсэн хэдий ч захирал маань биржээс иргэний мэдээллээр сонгох боломжгүй, гадаад иргэдийн мэдээллийг дундын зуучлагч, хөдөлмөрийн мөлжлөгөөс хамгаалж нууцалсан байдаг тухай бидэнд дуулгасан. Тиймдээ ч рендомоор/санамсаргүй тохиолдол/ сонголт хийж гаргадаг учраас нэр татуулна гэдэг худлаа цуурхал, итгэж болохгүй гэж хэлмээр байна. Энд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа залуус ч яг л ингэж хэлнэ. Иймд бид монгол хүнийг сонгож байгаа захиралдаа талархаж байна.

 

ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ГАРГАХ ХЭЛТЭС

2020 он


Хэвлэх Share