БНСУ-Д ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШАЛГАЛТ НЬ ОНООНЫ ТОГТОЛЦООНД ШИЛЖИЖ БАЙНА

БНСУ-Д ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШАЛГАЛТ НЬ ОНООНЫ ТОГТОЛЦООНД ШИЛЖИЖ БАЙНА 

 

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр                                                      Улаанбаатар хот

 

            Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ким Сон Ун, ХХҮЕГ-ын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтсийн дарга Т.Есөнтөмөр нар  2017 оны 10 дугаар сарын 18-ны  өдөр ХХҮЕГ-ын хурлын танхимд БНСУ руу Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн 2018 оны 14 дэх удаагийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах аргачлалд өөрчлөлт орж Онооны тогтолцоонд шилжиж буй талаар   хэвлэлийн бага хурал хийлээ.

            Тус хуралд ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа СХТТШ онооны тогтолцоонд шилжих болсон шалтгаан, шалгалт авах зарчим, ялгаа зэргийг тайлбарлав.

Үүнд:  Шалгалтын хугацаа: 70 минут байсныг 50 мин(унших 25, сонсох 25), Асуултын тоо 50 байсан бол 40 асуулт (унших 20, сонсох 20)авдаг болж өөрчлөгдөж байна.

 1 шатанд- Өмнө нь нийт 200 онооноос 84 дээш оноо авсан иргэд тэнцдэг бол 2018 онд Нийт 100 оноотой шалгалтад 44 дээш оноо авсан иргэдээс олгогдсон сонгон шалгаруулах тоон хэмжээнээс хамгийн ихдээ 2 дахин иргэнийг өндөр оноо авсан дарааллаар сонгон шалгаруулна.

 

2 шатанд- Ур чадварын шалгалт заавал өгөх ба ажлын чадварын үнэлгээг мөн тооцно.

-       Шалгалтын агуулга: Бие бялдар, ярилцлага, суурь чадварын шалгалт өгнө. Тэнцсэн иргэдээс шаардлага хангасан иргэнд нэмэлт оноог олгоно. 1 жилээс дээш хугацаагаар аж үйлдвэрийн салбарт ажилласан туршлагатай иргэнд Нэмэлт +3 оноо, Улсын чанартай мэргэжлийн сертификат + 1 оноо, Техникийн чиглэлээр коллеж болон түүнээс дээш боловсролын төвшинтэй, мэргэжил олгох сургалтад 120 цагаас дээш суралцаж төгссөн иргэнд  +1 оноог тус тус олгоно

Онооны тогтолцоогоор шалгаруулах нь ажил олгогчийн зүгээс тавьдаг шаардлагууд болох бие бялдар, ур чадвар гэх мэт шаардлагуудыг хангах бөгөөд дээрх чадвар туршлага мэдлэггүй байх нь ажил олгогч болон хамт ажиллагсадтайгаа үл ойлголцох, ажлын байранд дасан зохицохгүй байх, үүнээс улбаалан ажлын байраа орхих, хууль бусаар хөдөлмөр эрхлэх асуудал үүсч байна. Манай иргэдийн хууль бус хөдөлмөр эрхлэлтийн тоо буурахгүй байгаа нь Монгол Улсад жилдээ олгогддог ажиллах хүчний квот буурах, БНСУ-ын Хөдөлөмөрийн бирж дээр байршсан Монгол Улсын ажил хайгч  иргэдийг ажил олгогчид сонгогдох магадлал багасахад хүрч байна.  

БНСУ нь дээр дурдсан онооны тогтолцоог илгээгч  9 улсад нэвтрүүлснээс - 2016 онд 4 улс, 2017 онд 5 улс онооны тогтолцоог нэвтрүүлж шалгалт авсан нь үр дүнтэй болж,  2018 онд Монгол Улс болон Камбож, Пакистан, Зүүн Тимор зэрэг оронд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС


Хэвлэх Share