МЕХАНИК ИНЖЕНЕР /Mechanical engineers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Механик тоноглол бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, авто машин техникуудыг турших, шалгах, сайжруулах, бүтээх, хөгжүүлэх, загварчлах, схем зураг гаргах зэрэг өргөн хүрээний ажлууд хийдэг. Механик инженер гол төлөв инженерийн үйлчилгээний байгууллагууд, эрдэм шинжилгээний институт, хүрээлэн, улсын болон хувийн аж үйлдвэрт ажилладаг. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Механик инженер олон төрлийн багаж тоног төхөөрөмж, мотор, техник, компьютер, хэвлэгч, програм хангамж, хэмжигч багаж хэрэгсэл, засварын багаж хэрэгсэл, ажлын хувцас, хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Инженер, механикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Тоног төхөөрөмжийн ажиллагаанд дүн шинжилгээ хийж, механик хэрэгслийн тусламжтайгаар засварлах, оношлох, шинэ дизайн өөрчлөлтүүдийг хийж, механик ажиллагааг сайжруулах, засварын ажлыг төлөвлөх, хийлгүүлэх.
  • Туршилтын загварыг хөгжүүлэх, шалгах, хяналтын үр дүнг дүгнэж, шаардлагатай үед загварыг өөрчлөх.
  • Тоног төхөөрөмжийн үйлдвэрийн үйл явцыг хянах, загварууд зохион бүтээх ба шинэчлэх, тоног төхөөрөмжийн эд ангиудыг зохион бүтээх, бүтээгдэхүүний чанарыг хянах, төслүүдийг удирдан ажиллах.
  • Үйлдвэрлэлийн ажил, төслүүд стандартын дагуу хийгдэж байгаа эсэхийг хянах, удирдлага болон хэрэглэгчдэд зориулж өндөр түвшний тайлан болон илтгэл тавих.

Мэргэжлийн ур чадвар

Загварчлал, дүн шинжилгээ, тооцоолол хийх тул физик, математик,  геометр, тригонометрийн

өргөн мэдлэгтэй байхаас гадна компьютер инженерийн болон зураглал, шугам зургийн сэтгэлгээ өндөр хөгжсөн байх, анхаарал төвлөрүүлэх, тооцоолох, загварчлах, шийдвэр гаргах, суралцах, удирдан зохион байгуулах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хүнтэй ажиллах, сонсож чаддаг, ярих чадвартай, харилцааны соёлтой, нийтэч, зааж сургах, сэтгэлийн тэнхээтэй, тэвчээр хатуужилтай, нягт нямбай байх, нарийн багаж дээр ажиллах, бие дааж болон багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэл гарах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Мэргэжлээрээ олон жил, идэвхи зүтгэл, бүтээл гаргаж сайн ажилласан хүн ахлах инженер, багш, дарга зэрэг ажил хийх, мэргэжлээрээ судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх, судалгааны болон төслийн багт ажиллах, боловсролын бакалавр, магистр, доктор (Ph.D), (D.Sc) зэрэг хамгаалах, дэд профессор, профессор цол авах ингэснээр цалин орлого нэмэгдэх боломжтой.