ЗОЧИД БУУДЛЫН МЕНЕЖЕР /Lodging Manager/

Хийж гүйцэтгэдэг ажил

Зочид угтах, бүртгэх, байрлуулах, мэдээлэл өгөх үйлчилгээг хариуцаж ажиллана. Буудлын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, буудлын байрны өрөөний үнэ тогтоож төсөв гаргах, төсвийг нэгжүүдэд хуваарилах зэрэг ажлуудад бусад менежерүүдтэй хамтарч ажиллана. Зочид буудлын тав тухыг хангах асуудлыг хариуцна. Зочдод шуурхай үйлчлэх, үүний тулд үйлчилгээний ажилтнуудын ажлын гүйцэтгэлд хяналт тавина. Угаалга цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хариуцдаг гэрээт байгууллагуудтай байнгын харилцаа холбоотой ажиллана. Буудлын болон рестораны томоохон заал танхимд хурал зөвлөгөөн, төрөл бүрийн сургалт семинар, баяр ёслолын арга хэмжээг зохион байгуулж, ажилтнуудын ажил үүргийг хуваарилна.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Телефон утас, факсын болон дотоод холбооны аппарат, интернэт, компьютер, хэвлэгч, олшруулагч гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Зочид буудал, зоогийн газар, аялал жуулчлалын менежмент, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Зочид буудал байр, өрөөнүүдийн тохижилт, үнэ ханш, үндсэн болон нэмэлт үйлчилгээг зочдод танилцуулж, буудлын үйлчилгээний талаарх ном товхимол, гарын авлага материалаар хангах.
  • Зочдын өрөө, ойр орчныг цэвэр цэмцгэр байлгахад анхаарч, үйлчилгээний ажилтнуудын ажилд байнгын хяналт тавих.
  • Байгууллагын нэгжүүдийн чиг үүрэгтэй холбоотой баримт бичгийг бэлтгэх.
  • Байгууллагын дүрэм, дотоод журам, үйлчилгээний бусад заавар, зөвлөмжийг боловсруулж, хэрэгжүүлэх.
  • Шуудан илгээмж хүргүүлэх, интернэт үйлчилгээгээр хангах, зочдыг хооллох, амрах зэрэг үйлчилгээг зохион байгуулах.
  • Төсөв, санхүү болон зардалтай холбоотой төлбөр, баримтыг цуглуулах.
  • Маркетинг болон олон нийттэй харилцах үйл ажиллагааг зохион байгуулах.
  • Өрөөний захиалгыг баталгаажуулахын тулд урьдчилгаа төлбөр авах, бүртгэх боломжгүй үед төлбөрийг буцаан олгох.
  • Өрөөний цэвэрлэгээ, зоогийн газрын болон бусад ширээ засахад хяналт тавих.
  • Хүлээн авалт болон бусад арга хэмжээний захиалагчтай хамтарч зохион байгуулалтын нарийвчилсан төлөвлөгөөг гаргах.
  • Ажилд шинээр орох хүнийг сонгон шалгаруулж, ажлын байранд сургаж дадлагажуулах.

Мэргэжлийн ур чадвар

Интернэт, компьютерийн хэрэглээ, бичиж боловсруулах, зурж боловсруулах, загварчлах, ярих, илтгэх, зааж сургах, суралцах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар, зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны соёл, ажил мэргэжлийн ёс зүй, бүтээлч сэтгэлгээ, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ачаалал даах чадвартай байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Үйлчилгээний цагийн хуваарь болон байгууллагын ажиллах цагийн хуваарийн дагуу ажиллана.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Харилцааны болон үйлчилгээний соёл, ур чадвар дутагдсанаас үйлчлүүлэгчийг алдах эрсдэлтэй. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Зочид буудлын ерөнхий менежер болон бүхий л салбарт менежер, ерөнхий менежер хийх боломжтой.