ТӨЛӨВЛӨЛТИЙН МЕНЕЖЕР /Planning Manager/

Хийж гүйцэтгэдэг ажил

Төлөвлөлтийн менежер нь тухайн байгууллагын бодлогын зөвлөгөө, стратегийн төлөвлөлтийн үйл ажиллагааг эрхлэх, зохион байгуулах, удирдах, зохицуулах ба бодлого, стратегийн төлөвлөлтийн үйлчилгээ үзүүлдэг нэгжийн үйл ажиллагааг удирдана.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Утас, компьютер, олшруулагч, хэвлэгч, скайнер, факсын аппарат гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Зорилго, зорилт, стратеги төлөвлөгөө, бодлого, хөтөлбөр, тогтолцоо болон журмыг боловсруулах, хэрэгжүүлэх, хянах.
  • Өдөр тутмын үйл ажиллагааг төлөвлөх, удирдах.
  • Хэлтэс, нэгжийн үйлдвэрлэлийн болон борлуулалтын хуваарь гаргах.
  • Үйлдвэрлэлийн хуваарийн дагуу явуулахын тулд урсгал материал болон нөөцийг цаг тухайд нь хүргэх, нийлүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, хянах.
  • Газар, хэлтсийн хянан шалгагч эсвэл ажилтнуудтай уулзан үйл ажиллагаа, явцыг үнэлэн, шаардлагатай өөрчлөлтийг хэлэлцэх.
  • Бодлого боловсруулах болон стратеги төлөвлөлтийн ажилтныг удирдах, манлайлах.
  • Бодлогын хэрэгжилтэнд хяналт тавих.
  • Хэлэлцэл, хурал, олон нийтийн арга хэмжээ, чуулганд байгууллагыг төлөөлөн оролцох.
  • Боловсон хүчний сонгон шалгаруулалт, сургалт, гүйцэтгэлд хяналт тавих.
  • Бизнесийн үйл ажиллагааны гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, сайжруулах санал, санаачлага гаргах, бизнес загварыг шинэчлэх. 

Мэргэжлийн ур чадвар

Төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжүүлэлт,  хяналтын системийн талаар цогц мэдлэгтэй, гадаад хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэг, ур чадвартай. Задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, холбоо хамаарлыг тодорхойлох зэрэг тооцоолон бодох логик сэтгэлгээ сайтай, харилцаа холбоо тогтоох, гэрээ хэлцэл хийх, судалгаа хийх, бодлого боловсруулах, гүйцэтгэх, тайлагнах, илтгэх, бизнес болон үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх талаар өргөн мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний мэдлэг, борлуулалтыг идэвхижүүлэх, төлөвлөх, тохиролцоо хийх таамаглал боловсруулах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ажлыг удирдан зохион байгуулах, бүтээлчээр сэтгэх, багаар ажиллах чадвартай, нээлттэй шударга байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Ажлын нөхцөл хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Байгууллагын ирээдүйн төлөвлөлтийг хариуцаж ажилладаг ажилтны хувьд бизнесийн үйл ажиллагааг буруу хийснээр алдагдал хүлээх эрсдэл гардаг. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Бизнесийн төсөл хариуцсан менежер, сургалт, төлөвлөлт хариуцсан захирал, эдийн засагч, ерөнхий менежер, хэлтсийн дарга, хувиараа бизнес эрхлэх боломжтой.