ВЕБ АДМИН /Web Administrators/

Хийж гүйцэтгэдэг ажил

Цахим хуудас, түүний орчин, дизайн, боловсруулалт, шинэчлэл зэрэг үйл ажиллагааг боловсруулах, турших, хэрэгжүүлэхийн зэрэгцээ веб сайтын чанар болон хэрэглээ, хэрэглэгчдэд сонирхол, сэтгэгдэл төрүүлэх, найдвартай хэвийн ажиллагааг ажиллана. Хэрэглэгчдийн санал, гомдол, хүсэлтийг хүлээн авч, дүн шинжилгээ хийж, баримтжуулаж, шийдвэрлэнэ. Вебийн сервер болон веб сайтууд дээр хяналтын хэрэгслийг суурилуулна. Үйлдлийн систем болон хэрэглээний файлуудыг тогтмол шалган анализ хийж системийн ажиллагааг хэвийн байлгана.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Суурин болон зөөврийн компьютер, дагалдах хэрэгсэл, хэвлэгч, олшруулагч, скайнер, веб мэдээний эх бэлтгэлийн файл, програм хангамж, өндөр хурдны интернэт сүлжээ гэх мэт. 

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэдээллийн технологи, үйлдвэрлэл дизайн, хэрэглээний математик чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Цахим хуудас болон сервер дээр гарч байгаа гэмтэл согогийн эх үүсвэрийг олж тогтоон, засах.
  • Цахим хуудас хийх, шинэчлэх төсөл, төсөв, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, шинэчлэх үеийн үйлдлүүдийг бүртгэх, цахим хуудас хийх шинэ програмыг туршиж, шалгах.
  • Өдөр тутмын шалгалт явуулж байгаа хэлбэр горим тохиромжтой болон үр дүнтэй эсэхэд хяналт тавьж, үнэлж дүгнэх.
  • Програмд томоохон өөрчлөлт орсны дараа системийн интеграци, үйлдэл болон аюулгүй байдал зэрэгт үнэлэлт өгөх, цахим хуудасны ашиглалтын мэдээллийг шалган нэгтгэж, шинжилгээ хийх.
  • Цахим хуудаснуудын харилцан уялдаатай ажиллах шаардлагуудыг тодорхойлж, түүний дагуу ажиллуулах, үйлчилгээний алдагдлыг хязгаарлахын тулд цаг хугацаанд нь сайжруулж, өөрчлөх.
  • Хэрэглэгчдэд цахим хуудас өөрчлөх, шинэчлэх үед тулгарах асуудлын талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх.
  • Цахим хуудас дахь реклам сурталчилгаа, мэдээ мэдээллийг байнга шинэчилж, өөрчилж байршуулах.
  • Гэнэтийн аюул гамшиг тохиолдож, цахим хуудас устгагдахад мэдээллийг хэрхэн сэргээх төлөвлөгөө гаргаж, мэдээллийг давхар хадгалсан байх.
  • Веб боловсруулалтын хүрээнд гарч буй шинэчлэл өөрчлөлт, шинэ мэдээллийн талаарх мэргэжилтнүүдийн уулзалт, хуралд оролцох, мэргэжлийн холбогдолтой мэдээлэл судлах зэргээр байнга суралцах, цахим хуудас бүтээгч нартай хамтран ажиллаж, туршлага солилцох.
  • Цахим хуудасны ажиллагааг хэмжих хэмжүүрүүдийг боловсруулж, шалгалтаар тогтоогдсон асуудлуудыг засч, залруулах арга хэмжээний зөвлөмж гаргах.

Мэргэжлийн ур чадвар

Интернэт, компьютерийн хэрэглээ, бичиж боловсруулах, загварчлах, зааж сургах, суралцах, техникийн ба дизайны шийдэл гаргах чадвартай байхаас гадна наад зах нь Active server pages, CGI, PHP, Server side includes JSP, Databases зэрэг програм хангамжуудын талаар мэдлэгтэй байх шаардлагатай. Мөн мэдээллийн системийн аюулгүй ажиллагаа, хамгаалалтын талаар зохих мэдлэг эзэмшсэн байх шаардлагатай. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Мэдээллийн технологи, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар, өнгөний мэдрэмж, уран сайхны мэдрэмж, хурдан шаламгай, гар болон нүдний баримжаа, хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй, ажил мэргэжлийн ёс зүй, техник сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ачаалал даах чадвартай байх

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Буруу шийдэл гаргах, хэрэглэгчийг хэрэгцээг хангаагүй, техникийн хүчин чадал, боломжийг бүрэн ашиглаагүй зэргээс гологдол, гэмтэл согог үүсэх, хэрэглэгчийг алдах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Энэ чиглэлийн мэргэжилтэн нь мэдээлжсэн нийгмийн бүхийл салбарт ажиллах боломжтой. Эдгээрээс гол салбар нь мэдээлэл /мэдээлэл харилцаа холбоо, нийгмийн шинжлэх ухааны салбар, зар сурталчилгаа, бараа бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, хэвлэл мэдээлэл гэх мэт/, соёл урлаг /радио телевиз, кино театрын урлаг, дизайн, компьютерийн тоглоом гэх мэт/ юм.