ЦЭВЭРЛЭГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖЕР /Manager of Housekeeping and Janitorial Worker/

Хийж гүйцэтгэдэг ажил

Зочид буудал, оффис, эмнэлэг зэрэг үйлчилгээний байгууллагын гадна, дотор цэвэрлэгээ болон үйлчилгээний бүхий л ажлыг гүйцэтгэдэг ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг бүхэлд нь удирдаж ажиллана. Эмнэлгийн өдөр тутмын цэвэрлэгээ, төдийгүй элдэв төрлийн халдварт өвчин гарах болон тархах бүхий л нөхцлийг таслан зогсоож, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч ажиллана. Зочид буудал, албан байрны цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнуудын ажил үүргийн хуваарийг нарийвчлан гаргаж, стандартын дагуу ажил үүргээ явуулж байгаа эсэхэд хяналт тавьж, шаардлагатай үед цэвэрлэгээний ажилд хүн хүчээр туслалцаа үзүүлнэ. Цэвэрлэгээ үйлчилгээний чанар болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн ажиллагааны тухай санал гомдлыг шалгаж, засаж, залруулах арга хэмжээ шуурхай авна. Үйлчилгээг тогтмол, тогтоосон хугацаанд нь хүргэх зорилгоор бусад нэгжүүдтэй уялдаатай ажиллана. Орны цагаан хэрэглэл, ширээний бүтээлэг, тавилга, шал, хүрээ мод, булан тохой зэрэг далд хэсгүүдийг цэвэрлэх зориулалттай цэвэрлэгээний материал, тоног төхөөрөмж сонгоно. Үйлчилгээний ажилтнуудыг цэвэрлэгээний материал, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангана. Уг тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах дүрэм горим, ажлын дэг журмыг боловсруулж өгнө. Ажил болон захиалгын хуваарь гаргаж, ажиллах хүч, материалын хэрэгцээг зөв хуваарилж зохицуулна.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Ажлын өрөө, ширээ сандал, шүүгээ, номын тавиур, бичгийн хэрэгсэл, телефон утас, компьютер, олшруулагч, хэвлэгч, скайнер, тоног төхөөрөмж ажиллуулах заавар, цэвэрлэгээний материал хэрэглэх заавар, хөдөлмөр хамгаалалын багаж хэрэгсэл, заавар, үйлчилгээний холбогдолтой гарын авлага болон ном товхимол, өдөр тутмын сонин сэтгүүл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Цэвэрлэгээний үйлчилгээ болон зочлох үйлчилгээний менежментийн чиглэлээр мэргэжлийн сургалтад хамрагдсан байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Бараа материалын тооллого хийж, цэвэрлэгээнд шаардагдах бараа материалыг хангалттай хэмжээгээр бэлтгэх.
  • Ажилтнуудын үйлчилгээний ажилд хяналт тавихын зэрэгцээ ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг дүгнэх, үнэлэх, шагнах, урамшуулах, дэвшүүлэх, хариуцлага алдсан ажилтанг ажлаас халах хүртэл санал оруулах.
  • Хариуцсан нэгжийн ажлын горим, дэг журмын талаар стандарт боловсруулах.
  • Засварын ажил хийх, тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шинэчлэн солих.
  • Шинэ тоног төхөөрөмж болон материал тавилгыг сонгож захиалах, угсрах.
  • Үйлчилгээний талаарх санал гомдлыг шийдвэрлэж, үйлчилгээний менежментийг сайжруулах.
  • Ажлын цаг, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, бусад мэдээллийн талаар бүртгэл хөтлөх.
  • Ажилд орохыг хүссэн хүний анкет, өргөдөлтэй танилцаж, шинэ ажилтанг сонгон шалгаруулж, ажилд авах.
  • Зочдод өрөөний цэвэрлэгээнээс гадна угаалга индүүдлэг, хими цэвэрлэгээ болон жижиг засвар зэрэг нэмэлт үйлчилгээ үзүүлэх бөгөөд түүнд хяналт тавьж, зохион байгуулах.
  • Ажлын гүйцэтгэл, тайланг тогтоосон хугацаанд гаргаж, удирдлагад тайлагнах. 

Мэргэжлийн ур чадвар

Бичиж боловсруулах, зурж боловсруулах, загварчлах, зааж сургах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, шийдэл гаргах ур чадвартай байх. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хурдан шаламгай, гар болон нүдний баримжаа, хөдөлгөөний эвсэлтэй, ажил мэргэжлийн ёс зүй, сэтгэл хөдлөлөө хянах, ачаалал даах чадвартай, ариун цэвэр, эрүүл ахуйн зохих мэдлэгтэй, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, шийдэл гаргах, үйлчилгээний ба нийгмийн харилцааны мэдрэмжтэй байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн ба уртасгасан цаг.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Халдваргүйжилтийн дэглэм баримтлаагүйгээс ямар нэгэн халдвар тараах, үл ойлголцол, үйлчлүүлэгчээ алдах гэх мэт. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Цэвэрлэгээ үйлчилгээний ахлах мэргэжилтэн, байр ашиглалт хариуцсан мэргэжилтэн, зохион байгуулагч хийх боломжтой.