БАРАА МАТЕРИАЛЫН ЗАХИАЛГА ХАРИУЦСАН АЖИЛТАН /Order clerks/

Хийж гүйцэтгэдэг ажил

Түүхий эд материал, бараа бүтээгдэхүүн, хангамжийн материал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тэдгээрийн засвар үйлчилгээ, суурилуулалт, байр түрээслэх, түрээслүүлэх зэрэг захиалгыг хүлээн авч дамжуулна.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, принтер, утас, бусад

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Ажлын байран дээр хугацааны дадлага хийх шаардлагатай. Мэргэжлийн богино хугацааны сургалтад хамрагдсан байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Хэрэглэгчийн нэр, хаяг, төлбөрийн мэдээлэл, бүтээгдэхүүний дугаар, бүтээгдэхүүний тодорхойлолт зэргийг тусгай захиалгын маягт дээр бичиж авах.
  • Нэхэмжлэх, падаан, тээврийн баримт бичиг, гэрээ хэлэлцээрийн баримт бичгийг бэлтгэх.
  • Харилцагч нарт шуудангаар болон утсаар захиалгын мэдээллийг дамжуулах ба ингэхдээ нэгжийн үнэ, тээвэрлэлтийн он, сар, өдөр, тээвэрлэлт удааширч байгаа бол түүний шалтгаан зэргийн талаар мэдээлэх.
  • Харилцагчийн гомдол саналыг хүлээн авч хариу өгөх.
  • Харилцагчийн болон захиалгын мэдээлэл зөв эсэхийг шалгаж, шаардлагатай бол өмнө нь авсан мэдээлэлтэй тулгаж шалгах.
  • Тодорхой тасаг хэлтсүүдийг захиалгын дагуу бараа материалаа тодорхой байрлалд авчрах, бэлтгэх талаар чиглэл өгөх.
  • Захиалсан бараа материал байгаа эсэхийг тодорхойлохын тулд тооллогын баримтыг шалгах.
  • Захиалгын дагуу нийлүүлэлтийг бүрэн хийсэн эсэхийг горимын дагуу хийгдэж байсан тайлангуудаас шалгаж, дутуу нийлүүлсэн захиалгын дагуу нийлүүлэлт хийлгүүлэх.
  • Харилцагч нартай утсаар ярих, уулзах үедээ шинэ бүтээгдэхүүн болон нэмэлт бүтээгдэхүүний захиалга авах, борлуулалт хийх ажил хийж болох.
  • Хүлээн авсан захиалгын хувийг хадгалж үлдэн, захиалгыг тайлан бүртгэлд оруулах.
  • Бараа материалын нийт үнэ, үйлчилгээ, тээвэрлэлтийн хөлсийг тооцох.
  • Үйлдвэрлэл, борлуулалт, тээвэрлэлт, агуулахын болон тээвэр зуучлалын ажилтнуудтай харилцаж захиалгын дагуу нийлүүлэлт хийх ажиллагааг түргэн шуурхай болгох.
  • Харилцагчийн хэрэгцээнд таарсан бараа материал, үйлчилгээг санал болгох.
  • Бараа бүтээгдэхүүний хөдөлгөөнийг харуулж тэмдэглэсэн тооллогын бүртгэлийн систем хэрэглэх.
  • Бараа материалын төлбөрийг цуглуулж, гүйлгээг бүртгэж чек, мөнгөний ордер зэрэг зүйлсийг цаашид боловсруулахаар дамжуулах.
  • Захиалагч руу илгээж байгаа ажил үйлчилгээ, барааг захиалагчийн заасан тодорхойлолтод нийцэж байгаа эсэхийг шалгах.
  • Хэлтэс тасгуудад бараа материалын нөөц багасаж байгаа болон захиалгын дагуу ямар барааг нийлүүлсэнээр нөөцтэй болох боломжтой байгаа талаар мэдэгдэх.
  • Захиалгад нийцүүлэн бараа бүтээгдэхүүнийг хэрхэн хаяглаж савлах талаар зөвлөмж өгч, санал гаргах.
  • Захиалгатай холбоотой статистик мэдээ гаргаж, удирдлагад зориулан тайлан бэлтгэх.

Мэргэжлийн ур чадвар

Компьютерийн хэрэглээ, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, үр ашигтай нөөцийн хуваарилалт хийх чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалттай, бие дааж ажиллах,бараа судлал, багаар ажиллах, шийдвэр гаргах, ачаалал даах чадвартай байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Ажлын нөхцөл хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн болон зарим тохиолдолд уртасгасан цагаар ажиллана.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Захиалгын оновчтой тоо хэмжээг тогтоож чадаагүйгээс үйлдвэрлэл зогсох, саатах эсвэл агуулахын зардал нэмэгдэх эрсдэлтэй.

Ирээдүйд ахих дэвших боломж

Бараа материалын захиалга хариуцсан ахлах, борлуулалтын ажилтан, худалдааны төлөөлөгч хийх боломжтой.