ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ /Customs officer/

Хийж гүйцэтгэдэг ажил

Гаалийн болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор улсын хилээр нэвтэрч буй зорчигч, бараа, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийх, татвар хураамж ноогдуулах зэрэг ажлыг эрхэлнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Ширээ, сандал, компьютер, бичгийн хэрэгсэл, үзэг, шийтгэвэр, хяналтын техник хэрэгсэл, хэвлэмэл маягтууд.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Их дээд сургуульд суралцаж төгссөн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, Гаалийн ерөнхий газрын мэргэшүүлэх сургалтанд суусан байх шаардлагатай.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Монгол улсын гаалийн тухай, Гаалийн тарифийн тухай хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангаж ажиллана.
  • Улсын хилээр нэвтэрч буй зорчигч, аж ахуй нэгжийн ачаа тээшийг шалгаж, гаалийн бүрдүүлэлт хийх.
  • Гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх асуудлаар иргэн, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавьж биелэлтийг хангуулах.
  • Гаалийн бүрдүүлэлттэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагын байранд нэвтрэн орж үзлэг, тооллого хийх, тэдгээрийн данс бүртгэлийг шалгах, шаардлагатай тохиолдолд шалгалтын дүнгийн талаар шүүх хурал дээр гэрчийн мэдүүлэг өгөх.
  • Гаалийн хяналт, шалгалтанд шаардагдах баримт бичиг, тайлбар, лавлагааг иргэн, албан тушаалтнаас гаргуулан авах.
  • Татвар ноогдох барааг нуусныг гэрчлэх баримт, материалыг татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс түр хугацаагаар хураах, эсхүл хуулбарлан авах.
  • Албан үүргээ гүйцэтгэх үед улсын хилийн хориотой зурваст нэвтрэх
  • Гаалийн хууль тогтоомж зөрчсөн аж ахуй нэгж, иргэнд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх.
  • Холбогдох бусад үүрэг гүйцэтгэх. 

Мэргэжлийн ур чадвар

Мэргэшсэн өндөр чадвартай, үйлчлүүлэгчээ дээдлэх, хууль, эрх зүйн болон эдийн засгийн өндөр мэдлэгтэй, хил нэвтрэн орж буй бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж ажиллах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ажигч гярхай, анхаарал төвлөрөлт сайтай, ой тогтоолт сайтай, хараа, сонсгол бусад хүртэхүй сайн хөгжсөн, хурдан шалмаг хөдөлгөөнтөй, шинийг эрэлхийлэх, багаар ажиллах, ачаалал даах чадвартай.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар долоо хоногт 40 цагаар ажиллана, ажлын онцлогоос хамааран ээлжээр ажиллаж болно. 

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хориотой бараа бүтээгдэхүүн зөвшөөрөлгүй оруулснаар олон нийтийг эрүүл мэнд, эд материал, амь насаар нь хохироох аюултай. Мөн авилгал авч гэмт хэрэгт холбогдохоос болгоомжлох хэрэгтэй. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Энэ ажил мэргэжлийг эзэмшин мэргэжлээрээ тууштай ажилласанаараа гаалийн ерөнхий газрын дарга хүртэл дэвшин ажиллах боломжтой.