САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ /Financial Analyst/

Хийж гүйцэтгэдэг ажил

Байгууллагын үйл ажиллагааны талаарх санхүүгийн мэдээлэл бэлтгэж, боловсруулах, түүнд санхүүгийн шинжилгээ хийж, үйл ажиллагааны болон санхүүгийн нөхцөл байдалд үнэлэлт өгч, санхүүжилт, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтанд ашиглахуйц тайлан бэлтгэх.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Ажлаа гүйцэтгэхэд тохиромжтой шаардлага хангасан компьютер, хэвлэх болон хувилах машин, санхүүгийн шинжилгээний програм хангамжууд.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Санхүүгийн удирдлага болон эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Бизнес, үйлдвэрлэл, эдийн засгийн байдлын талаарх өгөгдлийг цуглуулж, шинжилгээ хийн, ирээдүйн төлөв байдлыг таамаглан, мэдээллийг хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад зориулан бэлтгэж боловсруулах.
  • Санхүүгийн мэдээлэлд шинжилгээ хийж, үр дүнг удирдлагуудад мэдээлэх.
  • Үнэ, ургац, бүтээгдэхүүний тогтвортой байдал зэрэг хөрөнгө оруулалтын эрсдлийн ирээдүйн хандлага, эдийн засгийн нөлөөлөл зэрэг хөрөнгө оруулалтад нөлөөлөхүйц мэдээллийг тайлж, тайлбарлах.
  • Үйлдвэрлэлийн технологи, бизнес, санхүү, эдийн засгийн хэсэгт гарч буй хандлагын талаар байнга мэдээлэлтэй байх.
  • Санхүүгийн задлан шинжилгээнд тулгуурлан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг бэлтгэх.
  • Компаний бодлого, журам, дүрмийн дагуу хөрөнгө оруулагчдыг татах.

Мэргэжлийн ур чадвар

Тооцоолон бодох, бодлого төлөвлөгөө, стратеги боловсруулах, ажигч гярхай, юмыг задлан шинжилж, нэгтгэн дүгнэх чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Нягт нямбай, ярианы өндөр ур чадвартай, харилцааны соёлтой, юманд нухацтай төвлөрч чаддаг, аливаад ул суурьтай ханддаг, хянамгай, хурдтай сэтгэдэг, шийдвэр гаргах, гадаад хэлний мэдлэг, чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Гол төлөв компьютер ашиглан техникийн тайлан гаргах, хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран ажиллах зэрэг цахим орчинд ажилладаг.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ихэнх тохиолдолд тухайн байгууллагын ажлын цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллана.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Санхүүгийн шинжилгээг буруу хийснээс харилцагч байгууллагууд алдагдалд орохоос гадна үйлчлүүлэгч мөнгөн алдагдалд орох эрсдэлтэй. Мөн тухайн компанийн нэр хүнд унах аюултай. Санхүүгийн алдагдалд орохоос эхлэн компани дампуурах, өрөнд орох хүртэл эрсдэл гарч болно.

Ирээдүйд ахих дэвших боломж

Эдийн засагч, зээлийн эдийн засагч, аудитор, зах зээл шинжээч, санхүү эрхэлсэн захирал, салбарын захирал хийх боломжтой.