СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕР /Network Engineer/

Хийж гүйцэтгэдэг ажил

Сүлжээний бүтэц, ажиллагааг байнга хянаж судалж, дүгнэлт гаргах, сүлжээний техник, програм хангамжийг ажиллуулах, хариуцах, тохиргоог хийх, хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглах, алдааг олж илрүүлэх, хянах ажлыг гүйцэтгэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Суурин болон зөөврийн компьютер, инженерийн засварын багаж хэрэгслүүд, сүлжээний багаж хэрэгслүүд гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Компьютерийн систем боловсруулах, тохиргоо хийх, нэгдмэл байдлыг хангах системийн зохиомж, онцлог шинж, мэдээллийн загвар диаграммд дүн шинжилгээ хийх, боловсруулах, тайлбарлах, үнэлэх.
  • Системийн хүчин чадлыг бүрэн ашиглах зорилгоор сүлжээний тохиргоо хийх, дэд бүтцийг хянах, судлах, дүн шинжлэгээ хийх, үнэлэх.
  • Сүлжээний хэвийн ажиллагаатай холбоотой компьютерийн техник, програм хангамж, холбоо, үйлдлийн систем зэрэгт хяналт тавьж, сайжруулах боломжийн талаар зөвлөгөө өгөх.
  • Компьютерийн, мэдээллийн, интернэт сүлжээ болон тэдгээрийн орчны програм хангамжийн хэвийн, тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах.
  • Мэдээллийн сүлжээний ашиглалт, үйлчилгээний техникийн заавар, зөвлөмж, мэргэжлийн арга зүйгээр хангах.
  • Мэдээллийн сүлжээний бүх төрлийн хамгаалалтын арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх, гэмтэл саатлыг богино хугацаанд тодорхойлж, зохих арга хэмжээ авах, гэмтлийн бүртгэл хөтлөх.
  • Мэдээллийн сүлжээг өргөтгөх, шинэ техник технологи, үйлчилгээ нэвтрүүлэхэд шаардлагатай сүлжээний төхөөрөмж, кабель шугамын асуудлыг төлөвлөх, тооцоолох, угсралтын ажлыг хийж гүйцэтгэх. Мэдээллийн сүлжээний ерөнхий зураглал хийж, сүлжээний трассыг тодорхойлох.
  • Компьютер, техник хэрэгслийн ажиллагааны найдвартай бэлэн байдлыг хангах, засвар үйлчилгээний инженерүүдийн ажилд хяналт тавих.
  • Байгууллагын           сүлжээний           тоног төхөөрөмжүүд, компьютер, техник хэрэгслийн техникийн хаягжуулалтыг /IP хаяг, MAC хаяг болон имэйл хаяг/ хөтлөж, хандах эрхийн зохицуулалтанд хяналт тавих.
  • Компьютер техник хэрэгслийг төрөл бүрийн вирусээс хамгаалах, хамгаалалтын /antivirus, firewall, /програм хангамжийг нэвтрүүлэх.
  • Мэдээллийн сүлжээний ачааллын судалгааг тогтмол хийж, ачаалал ихтэй цагуудад мэдээллийн сүлжээний гарцыг зохицуулах.
  • Тоног төхөөрөмжийн суурилуулалт, тохиргоо, найдвартай ажиллагааг хангах холбооны зангилаа, монтажийн ажлыг гүйцэтгэх.
  • Ажлын байран дахь техник хэрэгслийн аюулгүй найдвартай ажиллагааг хангаж, техникийн зөвлөгөө өгөх, мэдээллийн сүлжээ ашиглалтынгарын авлага бэлтгэх, хангах, вэб сайтад байршуулах, сургах, дадлагажуулах.
  • Компьютер бүрт ачааллыг жигд оноох сүлжээ байгуулж, шинэчилж, сайжруулах.
  • Сүлжээний архитектураас гадна сүлжээний сервер компьютерийн зохион байгуулалт, тохиргоо, аюулгүй ажиллагааг хянах. 

Мэргэжлийн ур чадвар

Компьютерийн мэдээллийн сүлжээ, түүний ашиглалтын талаарх бүрэн мэдлэгтэй, засвар үйлчилгээний талаар туршлагатай, зан харьцааны өндөр соёлтой,  компьютерийн хэрэглээний програмийг бүрэн эзэмшсэн байх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хянан ажилладаг, компьютерийн тоног төхөөрөмжүүдийг бүрэн мэдэж, бэлтгэж, угсардаг байх, техник тоног, төхөөрөмжийг эвдрэл гэмтэлгүйгээр хэвийн ажиллуулдаг байх, сүлжээг зохион байгуулдаг мөн удирддаг байх, ажлын технологийг мөрдөх, сахилга бат, хувийн зохион байгуулалттай байх, электроникийн багаж хэрэгсэл элементүүдийг таниж мэддэг, ялгадаг байх, электроникийн түвшинд эвдрэл гэмтэлийг оношилдог, засварладаг байх, электроник автоматжуулалтын шийдэл гаргах, зөвлөх чадвартай байх, үйлдвэрийн электрон удирдлага, зохицуулалт хийх чадвартай байх, IP технологит суурилсан бүх шийдэл тухайлбал дотуур утас, тоон факс, тоон телевиз, тоон камер зэргийг ашиглах чадвартай байх. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хараа, хөдөлгөөний ой тогтоолт сайтай, ажигч гярхай, анхаарал төвлөрөлт, хуваарилалт сайн, дүрслэн бодохуй сайн хөгжсөн, бүтээлч сэтгэхүйтэй, оюуны хөгжил сайтай, зохион бүтээх уран сэтгэмжтэй, идэвх санаачлагатай, нягт нямбай, хариуцлагатай, асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвартай, багаар ажиллах чадвартай, шаргуу, бүтээлч сэтгэлгээтэй, тэвчээртэй, тэнцвэртэй, ачаалал даах чадвартай.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм баримтлаагүйгээс осол гарах, мэдээллийн аюулгүй байдлыг хангаагүйгээс мэдээлэл алдагдах, цахилгааны хэлбэлзэлээс тоног төхөөрөмж эвдэрч гэмтэх.

Ирээдүйд ахих дэвших боломж

Мэдээллийн технологи, харилцаа, холбооны салбар.