БАССЕЙНЫ ЗААВАРЛАГЧ /Swim instructors/

Хийж гүйцэтгэдэг ажил

Бассейны зааварлагч нь үйлчлүүлэгчийг усанд сэлж сурахад нь заавар зөвлөгөө өгнө. Сэлж сурч буй хүүхдүүд болон сэлэлтийн шинэ техник сурахыг хүссэн насанд хүрэгчид, усанд сэлэлтийн янз бүрийн түвшний чадвар бүхий үйлчлүүлэгч, тамирчдад усанд сэлэх арга, техник зааж, аюулгүй байдлыг хангаж ажиллана.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Усан сэлэлтийн хувцас, хэрэглэл, аврах хэрэгсэл, хөвөгч.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Биеийн тамирын сургуульд усан спортын чиглэлээр суралцсан, бакалаврын зэрэгтэй байх. Мөн анхны тусламж, аврагчийн сургалтанд хамрагдсан байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Үйлчлүүлэгчийг усан спортын тодорхой түвшинд сэлэх чадвар эзэмшүүлж, чөлөөтэй сэлж сургах.
  • Хүүхдийг усанд сэлж сургах хичээлийн үед суралцагч санамсаргүй байдлаар тавцангаас гулгаж унах явдал тохиолдож болох учир унасан үед аврагч болон том хүн сэлж туслах хүртэл сэлэх чадвартай болгох.
  • Насанд хүрэгчдийг хамруулсан сургалтанд мэргэжлийн техник заах.
  • Дасгалжуулагчаар ажиллаж байгаа тохиолдолд тамирчныг тэмцээнд бэлтгэж, бусад суралцагчдад сэлэлтийн арга барил, техник сайжруулах сургалт явуулах.
  • Суралцагчдад шумбалтын хичээл болон хүмүүст анхан шатны тусламж үзүүлэх талаар хичээл заах.
  • Аврагч болох хүсэл сонирхолтой хүмүүст зориулж уснаас хүн аврах хичээл заах.
  • Суралцагч нарт тохирсон спортын хэрэгсэл сонгож, шалгаж авахад нь тусалж, дараагийн шатны хичээлд суралцахад нь туслах.
  • Усан сангийн аюулгүй байдлын талаар олон нийтэд хичээл заах, танилцуулах, хүн аврах хичээлийг аврах ажилтнуудад заах. 

Мэргэжлийн ур чадвар

Эрүүл ахуй, байгалийн ухааны болон гадаад хэлний зохих мэдлэгтэй, орон зайн баримжаатай, заах арга зүйтэй, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, шийдэл гаргах чадвартай, хөдөлгөөний эвсэлтэй, нягт нямбай ажиллагаатай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалттай, харилцааны соёлтой, нийгмийн харилцааны мэдрэмжтэй, техник сэтгэлгээтэй, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ажлын ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Үйлчлүүлэгч, суралцагч усанд живэх, халтирах, эрүүл ахуйн шаардлага хангаагүйгээс өвчин, халдвар гарах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Спорт, нийтийн биеийн тамир, боловсролын салбарт багшлах, удирдах ажилтан хийх, мэдлэг ур чадвараа дээшлүүлж улс үндэстний шигшээ багийн дасгалжуулагч болох боломжтой.