БЯЛДАРЖУУЛАХ КЛУБЫН ДАСГАЛЖУУЛАГЧ БАГШ /Fitness trainer/

Хийж гүйцэтгэдэг ажил

Бялдаржуулах клубын дасгалжуулагч багш нь фитнесс клубын гимнастикийн зааланд, сургалт дасгалын өрөө, үйлчлүүлэгчтэй уулзалт хийх өрөөнд үйлчлүүлэгчийг удирдан чиглүүлж, зааж зааварчлан, дасгал хөдөлгөөнийг зааж, бэлтгэл удирдан явуулдаг. Дасгалжуулагч нар үйлчлүүлэгчийн нас хүйс, дасгал хийх ур чадварыг харгалзан дасгал, хөдөлгөөний ачааллыг тохируулан хуваарилж, ажлаа төлөвлөж хийдэг.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Дасгал хийхэд тохиромжтой иж бүрэн тоног төхөөрөмж байрлуулсан заал, хүлээн авах заал, хувцас солих өрөө, клубын танилцуулга, зарын зурагт хуудас, биеийн жин, өндөр хэмжих хэмжүүр, цусны эргэлтийн системийн ачааллыг хянах багаж гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Биеийн тамирын сургуульд суралцсан, бакалаврын зэрэгтэй байх, биеийн тамир, спортоор хичээллэдэг байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Төрөл бүрийн дасгал хөдөлгөөнийг хэрхэн хийж гүйцэтгэхийг өөрийн биеэр үлгэрлэж үзүүлэх.
  • Үйлчлүүлэгчдийн дасгал хийх байдлыг ажиглан, хэрхэн зөв хийх техникийг зааж, өөрөө үлгэрлэн үзүүлэх зэргээр бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх, биеийн галбирийг хөгжүүлэхэд анхаарч ажиллах.
  • Үйлчлүүлэгчийн дасгалын явц, хурдыг тухайн хөтөлбөрт тохируулж хянах.
  • Эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг танилцуулж бялдаржуулах клубын тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаар зааж сургах.
  • Үйлчлүүлэгчид зориулж хоол тэжээл, хүнсний хэрэглээний талаар холбогдох мэдээллийг өгч биеийн жингээ хянах, хэрхэн эрүүл зөв амьдралын хэвшилтэй болох талаар зөвлөгөө өгөх.
  • Шаардлагатай тохиолдолд анхны тусламж үзүүлэх.
  • Дасгал хийх төхөөрөмжүүдийг сонгож үйлдвэрт захиалах ажлыг хариуцах.
  • Удирдлагатай холбогдох ажлуудыг гүйцэтгэж, хувийн дасгалжуулалтын хичээлийн хуваарийг зохицуулан хэрэглэгчдийн дасгал хийх идэвхийг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулах.
  • Хэрэглэгчдэд үйлчилгээг хүргэх, төрөл бүрийн сургалтанд хамрагдахад нь зуучлагч, таниулагч, хэрэглэгчийг татах, гэрээ байгуулах.
  • Хэрэглэгчийн хүсч байгаа бие бялдрын түвшин, зорилтыг анхааралтай сонсох, судлах.
  • Хэрэглэгчийг илүү олон хичээлд хамруулж, үргэлжлүүлэн хувийн дасгалжуулагч авах эсэхийг зөвлөх ба дасгалжуулагч багш нь үйлчлүүлэгчийг урамшуулах, сэдэлжүүлэх, идэвхжүүлэх, санаачлагатай байх.
  • Дасгалжуулагч багш бүр үйлчлүүлэгчийн бие бялдрын түвшинг үнэн зөв тогтоож, хувь хүн бүрт тохирсон төлөвлөгөө боловсруулж, үйлчлүүлэгчийн онцлогт тохирсон хэрэгцээ шаардлагыг хангах хичээл заах чадвартай байх ёстой.
  • Дасгалжуулагч багш бүр хүнтэй харилцах, үйлчлүүлэгчийн онцлогт тохируулж харилцах, урам зориг өгч, дэмжих.

Мэргэжлийн ур чадвар

Интернэт, компьютерийн хэрэглээ эзэмшсэн, ажлын туршлагатай, өнгө болон уран сайхны мэдрэмжтэй, бичиж боловсруулах, зурж боловсруулах, загварчлах, зааж сургах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, шийдэл гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй, харилцааны соёлтой, ажил мэргэжлийн ёс зүйтэй, нийгмийн харилцааны мэдрэмжтэй, алсын хараатай, ерөнхий биеийн хүчтэй, техник болон бүтээлч сэтгэлгээтэй, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

 Үйлчлүүлэгчдэд дасгал хөдөлгөөний зөв арга барилыг зааж өгөөгүйн улмаас техниктэй буруу харьцаж гэмтэж бэртэх, биеийн хөдөлгөөний хэм алдагдах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Спорт болон бизнесийн салбарт өөртөө ажлын байр бий болгох бүрэн боломжтой .