САГСАН БӨМБӨГЧИН /Basketball player/

Хийж гүйцэтгэдэг ажил

Стандартын хэмжээтэй талбайд 2 баг хоорондоо тоглоно. Талбайн 2 талд байрлуулсан цагирганд бөмбөгийг гараараа шидэж оруулна. Багийн спорт тул тамирчид хоорондоо сайн ойлголцож тогловол амжилт гаргана.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Тусгайлан зассан спорт заал, бэлтгэл хийх тоног төхөөрөмж, тоглолтын бичлэг, бэлтгэлийн болон тоглолтын хувцас хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Биеийн тамирын тусгай сургууль, дугуйлан, клубт өсвөр наснаасаа хичээллэж бэлтгэл хангаж, уралдаан тэмцээнд оролцож, амжилт гарган спортын зэрэг, цол авах. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Төлөвлөсөн бэлтгэл сургуулилтаар хичээллэж,     дасгалжуулагч,            сурган хүмүүжүүлэгч, спортын зааварлагч нарын удирдлага заавар дор хүчний болон ерөнхий бэлтгэл хийх, спортын ур чадвараа хөгжүүлэх.
  • Тухайн спортод хэрэглэдэг эд хэрэглэлийг гамтай хэрэглэх, хадгалах.
  • Дасгалжуулагчаас тухайн спортын онцлог, арга мэх болон бусад зүйлсийн талаар заавар зөвлөгөөг авах.
  • Тухайн спортоор тоглох эсвэл өрсөлдөхдөө тоглоомын дүрмийг мөрдөх.
  • Тоглолт бүрийн дараа өөрийн сул болон давуу тал, тоглолтынхоо талаар үнэлж дүгнэх.
  • Тамирчин нь өрсөлдөж байхдаа анхаарал төвлөрүүлэх аргад суралцах. Ингэснээр тэмцээн уралдаанд ялалт байгуулах.
  • Тамирчин нь богино хугацаанд зөв шийдвэр гаргах чадвартай байх.
  • Мэргэжлийн тамирчид эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах, эмчийн заавар зөвлөгөөний дагуу эрүүл мэндээ анхаарах.
  • Бэлтгэл дээр багаар ажиллах чадвараа дээшлүүлэх тэмцээн дээр ашиглах төлөвлөгөө (тактикийг) сайн боловсруулж бэлтгэл сургуулалтаа хангах.

Мэргэжлийн ур чадвар

Ерөнхий хүний биеийн анатоми, физиологи судалсан, гадаад хэлний зохих мэдлэгтэй, ярих, илтгэх, зааж сургах, суралцах, төлөвлөх, тооцоолох, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалттай, цагийн менежмент сайтай, харилцааны соёлтой, ажил мэргэжлийн ёс зүйтэй, тэсвэр хатуужилтай, хариуцлагатай, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр хурдан гаргах, манлайлах, ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн. Тэмцээний бэлтгэл хангах зорилгоор тусгай хуваариар ажиллах. 

Ажлын явцад гарч болох эрсдэл

Бие халаалтыг сайн хийхгүйгээс хүнд болон хөнгөн бэртэл, гэмтэл авах магадлалтай.

Ирээдүйд ахих дэвших боломж

Тив дэлхий болон олон улсад өндөр амжилт гаргах, спортын хороонд удирдах ажилтан хийх, өөртөө ажлын байр бий болгох, мэргэжлийн дасгалжуулагч болох.