МАТЕРИАЛЫН ИНЖЕНЕР /Materials engineers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Тодорхой дизайн, тодорхой болзол шаардлагыг хангахуйц бүтээгдэхүүнд хэрэглэхийн тулд бүтээгдэхүүнийг хийх материалуудад үнэлгээ өгөх ба уг материалыг үйлдвэрлэх машин, технологийг боловсруулна.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Туршилт судалгааны багаж төхөөрөмж, бичгийн хэрэгсэл, компьютер, хэвлэгч.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Материалын инженер, технологийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Бэлэн байгаа материалыг шинэ хэлбэрээр ашиглах арга боловсруулах, материалын ашиглалтын явцыг хянаж, материал хэрхэн муудаж байгааг үнэлэх.
  • Бүтээгдэхүүний доголдол дутагдалд шинжилгээ хийж лабораторийн туршилтанд оруулан согог дутагдлын шалтгааныг олж засах аргыг боловсруулах.
  • Технологич, техникч болон бусад инженер, эрдэм шинжилгээний ажилтнуудын ажлыг удирдаж хянах.
  • Туршилтын ажлын болон материалыг боловсруулах горимын хяналтын дизайныг гаргаж удирдах.
  • Техникийн тодорхойлолтууд болон бүтээгдэхүүн, технологийн дизайны зорилготой холбоотой эдийн засгийн хүчин зүйлсийн үнэлгээг хийх.
  • Бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулахын тулд түүхий эд материал болон бэлэн бүтээгдэхүүний шалгалт туршилтуудыг явуулах буюу удирдах.
  • Төсөл, төсөв боловсруулах, ажиллах хүчийг шинжилж дүгнэх, тайлан бичих зэрэг менежерийн ажил үүргийг гүйцэтгэх.
  • Шинэ бүтээгдэхүүн хийх төлөвлөгөөг хянаж, тухайн бүтээгдэхүүнд ашиглах материалын сонголтын талаар зөвлөгөө өгөх, материалын хүч, жин, халуунд тэсвэртэй байдал, цахилгаан дамжуулах чадвар, үнэ өртөг зэрэг дизайны зорилтуудад үндэслэн шийдвэр гаргах.
  • Боловсруулах үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн дизайныг гаргах.
  • Металл хайлшийг дулааны болон механик дамжлагуудыг ашиглан шинж чанарыг нь өөрчилж сайжруулах.
  • Материалыг тодорхой төлөвлөсөн бүтээгдэхүүн, багаж хэрэгсэлд зориулан боловсруулах ажилд оролцож буй техникийн ажилтнуудад чиглэл өгөх.
  • Материалыг үнэ өртөг, бүтээгдэхүүний тодорхойлолт, гүйцэтгэлийн стандартын дагуу боловсруулах, үйлдвэрлэх горимыг тодорхойлон гаргахын тулд лабораторийн ажиллагааг төлөвлөж явуулах.
  • Шинэ материалаар хийсэн бүтээгдэхүүн, шинэ материалыг хэрэглэж болох аргууд, үйлдвэрлэх технологийн талаар харилцагч нар болон тэдгээрийн ажилтнуудад сургалт явуулах.
  • Үйлдвэрлэлийн байр, металл боловсруулах байгууламжууд, хайлуулах болон цутгах ажиллагаа, металл бус материалын үйлдвэрлэлийн явцыг удирдах ба шалгах. 

Мэргэжлийн ур чадвар

Тухайн салбарын үйлдвэрлэлийн технологи стандартуудыг харьцуулан дүгнэж ашиглах, инженерийн тооцоолол хийх мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн, гадаад хэлний зохих мэдлэгтэй, төлөвлөх, тооцоолох, зааж сургах, ярьж ойлгуулах, зохион байгуулах чадвартай байх 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Анхаарлаа төвлөрүүлэх, тогтвортой ажиллах чадвартай, шинжлэх ухаан, байгалийн ухааны мэдлэгтэй, турших, судлах сонирхолтой, хурдан шаламгай, нүд гарын хөдөлгөөний зохицолдолгоо сайтай, хөдөлгөөний эвсэлтэй, удирдан зохион байгуулах болон багаар ажиллах чадвартай, идэвх санаачлагатай, харилцааны өндөр соёлтой, ажлын ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэл гарах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Үйлдвэрлэл, инженерчлэлийн салбар.