БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН /Office Clerks, General/

Хийж гүйцэтгэдэг ажил

Албан газрын удирдлагын систем болон аргачлал, бичиг хэргийн олон төрлийн ажил гүйцэтгэнэ. Байгууллагын бичиг хэргийн ажил үүргийг гүйцэтгэж, утсанд хариу өгөх, бүртгэл хөтлөх, компьютерт шивэх, бичих, хүний хэлснийг хурдан бичиж авах, албаны зориулалттай техник хэрэгслийг ажиллуулах, бичиг баримт цэгцлэх, хавтаслах зэрэг ажлуудыг хийнэ. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, хэвлэгч, олшруулагч, скайнер, телефон утас, факсын аппарат, архивлах тоног төхөөрөмж, бичгийн хэрэгсэл, албан хэрэг хөтлөлтийн гарын авлага гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Хэлний болон архивын чиглэлээр бакалавр болон нарийн бичгийн дарга, туслахын сургалтад суралцаж, мэргэжлийн үнэмлэхтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Байгууллагад ирсэн өргөдөл гомдол, ирсэн, явуулсан бичиг бүртгэх, карт нээх, шийдвэрлэлтэнд хяналт тавьж ажиллах, шийдвэрлэлтийн мэдээг гаргаж, тайлагнах, удирдлагыг мэдээллээр хангах.
  • Албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр гарсан дүрэм, журмын дагуу баримт бичиг зохиох, бүрдүүлэх, байгууллагын хэмжээнд мөрдүүлж ажиллах, ажилтнуудад албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандартын хэрэгжилтийн талаар арга зүйгээр хангах, сургалт явуулах.
  • Байгууллагын даргын тушаалыг бүртгэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, байгууллагын тухайн онд хөтлөгдөх хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг гаргаж байгууллагын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах комиссын хурлаар хэлэлцүүлж батлуулах.

Мэргэжлийн ур чадвар

Интернэт, компьютерийн хэрэглээ эзэмшсэн, бичиж боловсруулах, албан хэрэг хөтлөлтийн заавар судалсан, бичгийн соёлтой, монгол хэл бичгийн зөв бичих, найруулгын мэдлэгтэй, хувь хүний болон байгууллагын нууц хадгалах ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй, харилцааны соёлтой, нямбай, хариуцлагатай, ажлын ачаалал даах чадвартай, хурдан шуурхай, гар болон нүдний баримжаа сайтай, хөдөлгөөний эвсэлтэй, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, бичиж боловсруулах, сэтгэн бодох чадвар сайтай байх . 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Албан бичгийн бүртгэл буруу хөтлөх, шийдвэрлэлт хяналт тавиагүйгээс хугацаа баримтлаагүйгээс үйл ажиллагаанд алдаа гарах, нууц бичиг баримт алдах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Архивын болон захиргааны алба.