ТАЛХ, НАРИЙН БООВЧИН /Bakers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Талх, нарийн боовчин нь гурил болон хүнсний бүтээгдэхүүнээр төрөл бүрийн нарийн боов, талх хийх орц хэмжээ, стандартын дагуу тохируулан бэлдсэн материалуудаа хольж зуурмаг бэлтгэн жигнэх ажлыг гүйцэтгэнэ. Талх, нарийн боов хийх явцдаа гаднах өнгийг ажиглаж зуухны хэмийг тааруулж ажиллана.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Аяга сав, зуух, гурил зуурагч машин, гурил, масло, зуурсан гурил, чимэглэл, завсрын амттан, элдүүр, таваг, хэв, хавтгай тавиур, гриль, багс, холигч комбайн, хутгагч машин, уурын чанагч, зүсэгч, баглагч боогч машин.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн сургууль төгссөн, мэргэжлийн үнэмлэхтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Гурил болон бусад нарийн материалыг жингээр хэмжих, хүнсний бүтээгдэхүүнийг орц тунгаар хэмжиж зуурагч машинаар зуурмаг зуурах, зуухны хэмийг тохируулан бэлдсэн зуурмагыг хийж, жигнэх.
  • Гурилыг зуурах, нухах, таслах, хэлбэрт оруулж шажигнуур боов, төрөл бүрийн нарийн боов, бялуу хийх, жигнэж бэлэн болсон бүтээгдэхүүнийг төрөл бүрийн амттанаар чимэглэж өнгөлөх.
  • Түүхий эд материал чанар болон үзүүлэлтэд тохирч байгааг хянах, тухайн бүтээгдэхүүнийг хийхэд зарцуулагдах цаг, хурд, хэмжээ зэргийг тэмдэглэх.
  • Эрүүл мэнд, аюулгүй байдалд нийцүүлэн тоног төхөөрөмжийг шалгаж цэвэрлэгээ үйлчилгээг хийх.
  • Тоног төхөөрөмж, багаж болон талх, нарийн боов хийх материалын тооллогыг явуулж үйлдвэрлэлийн бүртгэлийг хөтлөх.
  • Бэлэн болсон бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх ажлыг удирдаж зохицуулах.
  • Элэгдэж хуучирсан тоног төхөөрөмж, дууссан хүнсний бүтээгдэхүүнийг захиалж ирэх үед нь тоолж авах.
  • Талх, нарийн боовны шинэ технологийг гаргах.

Мэргэжлийн ур чадвар

Гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологийн мэдлэгтэй, зуурмаг ашиглан төрөл бүрийн хэлбэртэй гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай, шарах шүүгээ, тоног төхөөрөмж ажиллуулах, борлуулалтын тооцоо хөтлөх болон эрүүл ахуйн стандартыг дагаж мөрдөх

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хүмүүстэй ажиллах, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолтой, цэвэрч нямбай, үнэнч, хурдан шаламгай, багаар ажиллах болон бие даан ажиллах чадвартай, хариуцлагатай, хянамгай, ачаалал даах чадвартай.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол гарах, технологийн горим баримтлаагүйгээс гологдол бүтээгдэхүүн гарах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Хүнсний үйлдвэрлэлийн салбарт мэргэшин нарийн мэргэжил эзэмших, ахлах мастер болох, талх, нарийн боовны цех эрхлэх.