ХУВЦАС БОЛОН БУСАД ТӨРЛИЙН ҮЛГЭР ГАРГАГЧ, ХУВИЛАГЧ /ЭСГҮҮРЧИН/ /Tailor, snipper/

Хийж гүйцэтгэдэг ажил

Хувцас болон бусад төрлийн үлгэр гаргагч, хувилагч/ эсгүүрчин нь хувцас болон бусад даавуу, арьс, савхи, үслэг эдлэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зориулалтаар үндсэн, нарийн хээ, үлгэр зохион бүтээнэ. Хувцас, малгай, бээлий, төрөл бүрийн өмсгөл хийх стандарт үзүүлэлт, хэмжээ, үлгэр гаргаж, хийх даавуу, арьс савхи материал дээр эсгэнэ. Мөн бэлэн бүтээгдэхүүнийг тайрах, засварлах зэрэг ажил эрхэлнэ. Гаргасан эсгүүр, үлгэрийг хувилж олшруулна.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Эсгүүрийн тоног төхөөрөмж, хайч, зүү, гар багаж хэрэгслүүд, ажлын хувцас. 

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн сургууль төгсөж, үйлдвэрлэл дээр дадлага хийсэн, мэргэжлийн үнэмлэхтэй байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Тодорхой бүдүүвч, хүснэгтийн дагуу бүтээгдэхүүний үлгэр гаргах багаж, хэрэгсэл, компьютер ашиглан өгөгдсөн хэмжээ бүрт нь тохируулан загвар гаргах, үлгэр хувилгах.
  • Компьютер ашиглан тодорхой хувцасны зүйл, өмсгөлийн үлгэр гаргах, материалын суналтыг тооцон бүтээгдэхүүн, үлгэрийн хэмжээнд нийцүүлэн хэмжээсүүдийг тооцох.
  • Үлгэр дээр хэсгүүдийг хэрхэн, хаана залгаж оёх болон халаас, нугалаа, хуниас, товч, товчны нүх зэргийн байрлалыг зурах, тэмдэглэх, гутлын хэсгүүд болон материал дээр нүхлэх, чимэглэлийн оёдол, шидэлт, хэрэх оёдол гаргах зургийг компьютерт болон бусад багаж ашиглан хийх.
  • Бүтээмж нэмэгдүүлэх зорилгоор материал дээр үлгэрийг зөв байрлуулах, хэмжих, тайрах, хайчлах хэмжээсийг нарийвчлан зурах, тэмдэглэх, материалын татлага хийх, шалгах, татлаган дээр хар зураг байрлуулах, материалын хээ, онцлог материал дээр нэг бүрчлэн хар зураг гаргах татлаганд хар зургаа бөглөх, хавчих, татлагыг хар зургын дагуу эсгүүрийн машины дагуу эсгүүрийн машинаар огтлох.
  • Үндсэн үлгэрийг даавуу, материал дээр байрлуулж туршилтын үлгэр гаргах, үлгэрийг туршилтын бүтээгдэхүүн хийж шалгах.
  • Давхарласан материал, даавуун дээр үлгэрийг байрлуулж үлгэрийн дагуу цахилгаан болон гараар ажилладаг хутга, зүсэгч, компьютер болон тоон удирдлагатай тайрах, хайчлах тоног төхөөрөмж ашиглан тайрах, хайчлах.
  • Хувцасны үслэг материалтай хэсгүүд, үслэг эдлэл хийх үслэг материалыг эсгэх, хайчлах.
  • Бэлэн бүтээгдэхүүний илүүдэл материалыг өөлөх, сул утсыг хайчилж өөлөх.
  • Зотон даавуун эдлэл, зөөлөн тавилга хийх зэрэг үлгэр загвар гаргах, тэмдэглэл хийх, тайрах, хайчлах зэрэг ажил гүйцэтгэх.
  • Эсгэсэн хэсгүүдийг дугаарлах, иж бүрдэл болгон боох.

Мэргэжлийн ур чадвар

Оёдлын үйлдвэрлэлд ашиглах компьютерийн программ, техник тоног төхөөрөмж дээр ажиллах чадвар эзэмшсэн, техникийн мэдлэгтэй, бичих, төлөвлөх, тооцоолох, бүртгэл хөтлөх чадвартай. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ажигч гярхай, анхаарал төвлөрөлт, сайтай, бүтээлч сэтгэлгээтэй, хурдан шаламгай, орон зайн баримжаалал, харааны чадвар сайн, хурдан шалмаг, багаар ажиллах болон бие даан ажиллах чадвартай, тэвчээртэй, хүлээцтэй, санаачлагатай, хувийн зохион байгуулалт сайтай.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай журмыг мөрдөн ажиллаагүйгээс үйлдвэрлэлийн осолд орох, мэргэжлээс шалтгаалах өвчинтэй болох, технологийн дагуу хийгээгүйгээс гологдол гаргах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Нарийн мэргэжил эзэмших, салбарын мастер ажилтан болох.