ХҮНСНИЙ БИОТЕХНОЛОГИЧ /Food biotechnologists/

Хийж гүйцэтгэдэг ажил

Хүнсний биотехнологи нь ерөнхий биотехнологийн ангилалд шар биотехнологи буюу хүний хүнс хоолны болон малын тэжээлийн биотехнологид багтдаг. Хүнсний биотехнологич нь амьд бие махбодь, эсийг ашиглан хүнсний тодорхой бүтээгдэхүүн гарган авах арга технологи боловсруулдаг. Мал, амьтан, ургамлын гаралтай хүнсний түүхий эдийг биотехнологийн аргаар боловсруулж, өргөн хэрэгцээний болон тусгай зориулалтын хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эх орныхоо хүнс боловсруулалт, үйлдвэрлэлд шинэ арга, технологиор хандаж биотехнологийн аргыг нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэнэ. Биотехнологийг биологид үндэслэсэн үйлдвэрлэлийн процесс гэж ойлгож болно. Өнөөдөр биотехнологи гэсэн ойлголтын цаана эс, түүнийг бүрдүүлэгч молекулуудийг ашиглан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах, эм бэлдмэл гарган авах, амьтан ургамлын ашиг шимийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн болон материалын шинж чанарыг өөрчлөх гэсэн өргөн утга санаа агуулагдаж байна.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Ажлын хувцас, хамгаалах хэрэглэл, автоклав, өндөр нарийвчлалтай электрон болон аналитик жин, судалгаа шинжилгээ, туршилт явуулах ариутгалын өрөө, хатаах шүүгээ, температурын тохируулгатай 2-3 төрлийн термостат, инкубатор ба бусад хатаах шүүгээ, төрөл бүрийн өндөр өсгөх чадвар бүхий микроскоп, термостат, центрифуг, сэгсрэгч, ус нэрэгч, пипетка, гүн хөлдөөгч, лабораторийн хөргөгч, тог баригч, био аюулгүй кабинет, сорох шүүгээ, төрөл бүрийн химийн бодисууд. 

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Хүнсний биотехнологич чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Хүнсний төрөл нэмэгдүүлэх.
  • Түүхий эдийг биотехнологийн аргаар боловсруулах.
  • Хэрэглэгчийн таашаалд нийцсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан, эрэлт хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх.
  • Хүнсний биотехнологич нь хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгах аргыг боловсруулах судалгаанд оролцоно.
  • Бүтээгдэхүүн, орцын чанарыг шалгах.
  • Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд судалгаа хийх, хяналт тавих.

Мэргэжлийн ур чадвар

Байгалийн шинжлэх ухаан, биологи, химийн мэдлэгтэй, нарийн багаж төхөөрөмж дээр ажиллах чадвартай, тооцоолох, загварчлах, мэдээллийг хувирган өөрчлөх, тэмдэгт системтэй ажиллах чадвартай

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ажигч гярхай, анхаарал төвлөрөлт, сайтай, хэлбэр хэмжээ, өнгөний мэдрэмжтэй, бүтээлч сэтгэлгээтэй, өөрийгөө сорьж хөгжүүлэх шинийг олж мэдэх эрмэлзэлтэй, мэдлэгээ байнга хөгжүүлэх, тасралтгүй суралцах хүсэлтэй, багаар ажиллах болон бие даан ажиллах чадвартай, тэвчээртэй, нягт нямбай, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс өвчлөл, осол, гэмтэл, бэртэлд өртөх.

Ирээдүйд ахих дэвших боломж

Хүнсний үйлдвэр, хил гаалийн хяналтын алба, хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүний хяналт шалгалт гүйцэтгэх байгууллагуудад болон эм, гоо сайхны үйлдвэрүүдэд мэргэжлийн дагуу ажиллах.