КОЛЛЕЖ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БИОЛОГИЙН БАГШ /Biological science teachers, Postsecondary/

Хийж гүйцэтгэдэг ажил

Биологийн ухааны хичээл буюу молекулын биологи, усны биологи болон ботаникийн сэдвүүдээр их, дээд сургуулийн оюутнуудад лекц бэлтгэж уншина. Их, дээд сургуулийн багш нь өөрийн мэргэжлийн хүрээнд лекц, семинар, лаборатори, дадлага зэрэг сургалтын зохион байгуулалтын хэлбэрээр мэдлэгээ дамжуулан сургалтад оролцоно. Гэхдээ шууд утгаар оюутанд зааж сургах, шинэ мэдлэг олгох биш, харин бие дааж мэдлэгийн цар хүрээг хэрхэн тэлэх, ямар арга хэрэглэн юуг сурах талаар санаа өгч чиглүүлнэ. Багшийн үйл ажиллагаа зөвхөн онолын энгийн мэдлэг олгох, мэдээлэл хийх, тоо баримт, түүхийн холбоо уялдаа, шинжлэх ухааны онол, зүй тогтол зарчим зэргийг ойлгоход нь оюутнуудад туслах ажил хийнэ. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Тусгай хувцас халат, амны маск, нүд хамгаалах шил, автоклав, хатаах шүүгээ, төрөл бүрийн өндөр өсгөх чадвар бүхий микроскоп, термостат, центрифуг, сэгсрэгч, ус нэрэгч, пипетка, гүн хөлдөөгч, лабораторийн хөргөгч, тог баригч, био аюулгүй кабинет, сорох шүүгээ, төрөл бүрийн химийн бодисууд.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Биологич мэргэжлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Биологийн шинжлэх ухааны ном зохиол уншиж судлах, мэргэжил нэгтнүүдтэй уулзаж ярилцах, мэргэжлийн хурал зөвлөгөөнд оролцох зэргээр салбарын сүүлийн үеийн мэдээлэлтэй танилцах.
  • Багшлах дадлага хийж судалгааны ажил явуулж байгаа оюутнуудын үйл ажиллагааг удирдаж, оюутнуудын ангийн ажил, гэрийн даалгавар,курсийн ажлыг үнэлж, дүн тавих.
  • Явцын болон улирлын шалгалтын тестүүд бэлтгэж, оюутны мэдлэг чадварыг үнэлж дүгнэнэ. Түүнчлэн оюутны өдөр тутмын ирц, явцын шалгалтын дүн болон бие даалтын ажлыг бүртгэх.
  • Биологийн төрөл бүрийн хичээлээр, тодорхой сэдвийн хүрээнд курсийн ажил болон реферат бичүүлж дүгнэх. Оюутны гэрийн даалгавар болон бие даалт, ангийн ажлыг шалгах, тэрчлэн тараах материал бэлтгэх зэрэгт тодорхой цаг төлөвлөн зарцуулах. Томоохон бүлэг сэдвийн дараа шүүлэг шалгалт авч, оюутны мэдлэгийг бодитой үнэлж дүгнэх
  • Оюутнуудын судалгаа, туршилтын ажлыг удирдаж, зөвлөгөө зөвлөмж өгөх. Танхимын сургалтаас гадна оюутныг хөгжүүлж сэдэлжүүлэх зорилгоор биологийн хичээлээр төрөл бүрийн уралдаан, тэмцээн, мэтгэлцээн, АСТ болон олимпиадыг мэргэжлийн бусад багш нарын хамт зохион байгуулах.
  • Мэргэжил нэгт ахмад болон залуу багш нараас суралцах, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, семинар, хурал зөвлөгөөнд оролцох, гадаад, дотоодын магистр, докторын сургалтанд хамрагдах.
  • Оюутнуудад зөвлөх болон туслах зорилгоор оффист ажиллах хуваарь гаргаж мөрдөх.
  • Сүүлийн үеийн биологийн шинжлэх ухааны талаарх ном, сэтгүүл уншин, мэргэжил нэгтнүүдтэйгээ санал бодлоо солилцох зэргээр мэдлэгээ байнга шинэчилнэ. Интернэтээс шинэ мэдээ мэдээлэл хайж, мэдлэгийнхээ хүрээг тэлэх.
  • Судалгааны ажлын чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл, ном бичиж, түүнийгээ гадаад, дотоодын мэргэжлийн ном сэтгүүлд бүтээл болгон хэвлүүлэх ба электрон хэлбэрээр нийтлүүлэх.
  • Хичээлд хэрэглэгдэх ном, сурах бичиг, лабораторийн тоног төхөөрөмж багаж хэрэгслийн захиалгыг сургалтын албаар дамжуулан номын сан, санхүүгийн хэлтсээр ахлуулсан мэргэжлийн комисст хандан өгөх.
  • Жил бүр оюутны элсэлт, төгсөлт, дадлага, ажлын байрны захиалга зэрэг кампанит ажилд оролцох.

Мэргэжлийн ур чадвар

Амьтан ургамлын хоорондын ялгааг энгийнээр таньж мэддэг мөн биологийн төрөл зүйл тэдгээрийн тоо толгой, тархалтыг судалсан, зааж буй шинжлэх ухааны талаар сүүлийн судалгаа, мэдээлэл олж авах, дүгнэлт хийх, зүй тогтол, зарчмыг тайлбарлан таниулах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Байгалийн ухааны өргөн мэдлэгтэй, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвартай, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, сонсох чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, манлайлах, ажлын ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Стресст орох. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Шинжлэх ухаан, боловсролын салбарт эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, удирдах ажилтан. Тухайн чиглэлээр докторын сургалтанд хамрагдаж өөрийн мэдлэг, дадлага, туршлагаа нэмэгдүүлэх бүрэн боломжтой.