АГУУЛАХЫН МЕНЕЖЕР/Storage Managers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Бараа материал болон бүтээгдэхүүнийг хуваарилах, хадгалах үйл ажиллагааг зохицуулна. Бүтээгдэхүүн болон бараа материалыг хүлээн авах, хадгалах, шалгаж ачуулдаг ажилчдыг хянахын зэрэгцээ харуул хамгаалалтыг сайжруулж, агуулахын аюулгүй байдлыг хангах асуудлыг хариуцна. Ажлын захиалга, хэрэглээний тайлан, нэхэмжлэх падаан, ерөнхий төлөвлөлттэй танилцаж ажлын хуваарийг гаргана. Бараа материал болон бүтээгдэхүүнийг газар буюу агаараар явуулах, тэрчлэн тосон авах графикыг гаргаж, хяналт тавьж ажиллана. Агуулах болон хяналтын ажилтанг сонгон шалгаруулахад биеэр оролцохоос гадна ажлын талбарт сургаж дадлагажуулах үүрэгтэй. Хэлтэс тасгийн дарга нартай зөвлөлдөж үйлдвэрлэлийн борлуулалт, бүртгэлийн хяналт, бараа худалдан авах агуулахын үйл ажиллагааг зохион байгуулна. Ачаа бараа тээвэрлэхийн тулд шаардагдах тээврийн бичиг баримтыг бүрдүүлэн, гаалийн ажилтантай холбоотой ажиллана. Тээврийн зардлыг борлуулалтын болон нэхэмжлэл гаргах хэлтэс тасагт мэдэгдэнэ. Нийт өртгийг тооцохын тулд тээврийн болон байрны зардал, тоног төхөөрөмж, замын дамжин өнгөрөх транзитын тоо зэргийг оруулна. Тээврийн үйлчилгээний үнэ тарифыг тогтоож өгнө. Шаардлагатай үед захиалгыг яаралтай ачуулж очих газарт нь түрүүлж мэдээлэл өгнө.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, олшруулагч, хэвлэгч, скайнер, ажлын утас, интернэт сүлжээ, хадгалалт тээвэрлэлтийн тухай ном товхимол гарын авлага, сонин хэвлэл, тооны машин, өргөдлийн маягт гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Бизнес удирдлага, санхүүгийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Хадгалах, хуваарилахтай холбоотой харилцагч, тээвэрлэгчдээс гаргасан гомдол саналыг газар дээр нь шуурхай шийдэж, хариу өгөх.
  • Агуулах болон тээврийн хэрэгслийн парк, тоног төхөөрөмжийн нөхцөл байдлыг шалгаж засварлах ба шаардлагатай үед солих.
  • Бараа материал, бүтээгдэхүүнийг хүлээн авч тээвэрлэх буюу хадгалах энгийн болон онцгой нөхцөлд хэрхэн ажиллах талаарх баримт бичиг стандартыг боловсруулах.
  • Бараа материалыг жинлэн хэмжих, хадгалах, ачих, тээвэрлэх асуудлыг шийдвэрлэх.
  • Ачаа тээвэрлэгч компани, агуулахын эрхлэгч нартай даатгалын компанийн үнэ тарифын талаар харилцан санал солилцох, ачаа хүргэх хугацаа, байрлалыг тогтоож тээвэрлэгчдэд зааварчилгаа өгөх, замын маршрутыг тогтоох.
  • Ачааны падаан, замын хуудас зэрэг нь гааль болон тарифын дүрэм журамтай нийцэж байгаа эсэхийг шалгах.
  • Хэлтэс тасгуудын төсвийг гаргаж захиран зарцуулах ба үйлдвэрлэлийн буюу засварын аюулгүй байдлын тайлан, гарын авлагыг бэлтгэж гаргах.
  • Агуулахын ажилтнуудыг удирдаж, бараа бүтээгдэхүүний чанар, хадгалалт, хамгаалалтын байдалд хяналт тавих.
  • Бараа бүтээгдэхүүнийг захиалгын дагуу салбарууд руу хугацаа алдалгүй ачуулах ажлыг хариуцах.
  • Үндсэн хөрөнгө болон хангамжийн материалыг зөв зохистой хадгалах, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, тооллого тооцоог заасан хугацаанд дуусгаж агуулахыг эмх цэгцтэй байлгах.
  • Үндсэн болон эргэлтийн хөрөнгө, хангамжийн материалтай холбоотой тайлан мэдээг, нягтлан бодох бүртгэлийн дагуу гаргаж тайлагнах.
  • Агуулахын нөөцийн үлдэгдэл, ашиглагдахгүй нөөцийн хэмжээг багасгахад анхаарч холбогдох ажилтнуудад нөөцийн тухай мэдээллийг хүргэх.
  • Тооллогоор зөрүү гарвал шалтгааныг олж тогтоох, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

Мэргэжлийн ур чадвар

Бичиж боловсруулах, зурж боловсруулах, загварчлах, ярих, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, бусадтай харилцах, ярьж ойлгуулах ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хурдан шаламгай, гар болон нүдний баримжаа, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны соёлтой, ажил мэргэжлийн ёс зүй, техник сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, манлайлах, ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Агуулахын дотоод зохион байгуулалт алдагдсан болон хадгалалтын горим зөрчсөн, ур чадвар дутагдсанаас болж бараа материалын хуваарилалт болон тооцоонд алдаа гарах эрсдэлтэй.

Ирээдүйд ахих дэвших боломж

Бараа материалын түгээлтийн менежер, бараа материалын нөөцийн менежер, борлуулалтын менежер, агуулах хариуцсан ахлах мэргэжилтэн хийх боломжтой.