АВРАГЧ /Lifeguard/

Хийж гүйцэтгэдэг ажил

Болзошгүй байгалийн болон гэнэтийн гамшиг, ослын үед эрж хайх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах зэрэг ажлуудыг гүйцэтгэх, шаардлагатай хүнд анхны тусламж үзүүлэх үүрэг гүйцэтгэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Шүхэр, тор, шат, хамгаалалтын багаж хэрэгсэл, хүрз. бээлий, маск, усанд сэлэлтийн хувцас, хэрэгсэл гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

18 нас хүрсэн,бүрэн дунд боловсролтой, цэргийн алба хаасан, эрүүл мэнд бие бялдрын шалгуурыг хангаж,онцгой байдлын чиглэлээр сургалтанд хамрагдсан, усанд сэлэлт, биеийн тамирын тодорхой ур чадвартай байх. Энэ чиглэлээр ажиллахад тавигдах норм, норматив / гүйлт, усанд сэлэлтийн байдал г.м/-ийг хангасан байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Ган, зуд, үер, хүчтэй салхи болон бусад байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн болон ахуйн ослын улмаас аюулд орсон иргэдэд хүрч, аврах ажиллагаа явуулах, учирч болзошгүй гал түймэр, гамшиг ослын аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах.
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, түймрийн голомтод ажиллаж унтраах, усанд живэх аюулд өртсөн иргэдийг аврах, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх.
  • Аврах арга барил, техникийг ослын үеэр ашиглах, осол гарч болзошгүй гэнэтийн болон байгалийн хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх. 

Мэргэжлийн ур чадвар

Хурдтай, гал түймэр, байгалийн гамшиг, гоц халдварт өвчний голомтод ажиллах мэдлэг, дадалтай, биеийн тамирын авьяас, биеийн болон сэтгэл зүйн бэлтгэлтэй, бие дааж болон багаар ажиллах ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Байгалийн ухааны мэдлэгтэй, анхаарал төвлөрөлт сайтай, сэтгэн бодох чадвартай, ёс зүйтэй, хурдан шаламгай, гар болон нүдний баримжаа сайтай, биеийн хүч, хөдөлгөөний эвсэлтэй, техник сэтгэлгээтэй, сэтгэл хөдлөлөө хянах чадвартай, зоримог дайчин, энэрэнгүй, тэсвэр хатуужилтай, эрсдлийн нөхцлийг үнэлэх чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус /гамшиг, ослын байдлаас шалтгаалж хүнд, хортой, халуун гэх мэт/

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Тусгай дэглэмтэй. Мөн ажлын шаардлагаар байнгын бэлэн байдалд байх үүрэг хүлээдэг.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Онцгой аюултай нөхцөлд ажиллах үед эрүүл мэнд, амь нас эрсдэлд өртөх магадлалтай. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Онцгой байдлын чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх сургалтанд хамрагдаж, энэ чиглэлээр ахиж дэвших боломжтой.