ЗАМЫН ЦАГДАА /Traffic police/

Хийж гүйцэтгэдэг ажил

Замын хөдөлгөөнийг зохицуулах, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих, хөдөлгөөний аюулгүй байдлыг хянах, зам тээврийн ослын үед хэмжилт хийх, дүгнэлт бичих үүрэг гүйцэтгэнэ. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Замын цагдаагийн малгай, хувцас хэрэгсэл, дохиур, шүгэл, эргүүлийн машин, богино долгионы радио станц, усны гутал, цув, бээлий, метр, торгуулийн хуудас, үзэг, бал гэх мэт. 

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

18 нас хүрсэн, бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой, Монгол Улсын иргэн. Цагдаа бэлтгэх анхан шатны сургалтанд хамрагдсан байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүргийг гүйцэтгэх.
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан заавар, журам, стандарт болон бусад хууль, тогтоомжийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг байгууллага, аж ахуйн нэгж, гудамж замд шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль, тогтоомжид заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулах.
  • Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх .ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн туслалцаа, хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулах.
  • Замын тэмдэг, тэмдэглэл, гэрэл дохио, гудамжны гэрэлтүүлгийг шинээр тавих, өөрчлөх, засварлах саналыг холбогдох байгууллагад тавих.
  • Онцгой болон ослын нөхцөл байдалд замын хөдөлгөөний урсгал, чиглэл өөрчлөх ажлыг зохион байгуулах.
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, осол, захиргааны зөрчлийн тухай байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч хянан шийдвэрлэх.
  • Тээврийн хэрэгслийн жолооч нарт замын хөдөлгөөнийг мөрдүүлэхийн тулд замын хөдөлгөөнийг хянаж, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дүрэм журмыг тайлбарлах.
  • Мэргэжлийн жолооч бэлтгэх, сургах сургалтын үйл ажиллагааг зохион байгуулан хяналт тавих, жолоочийн үнэмлэх, талон олгох.
  • Захиргааны хэрэг бүртгэлийн ажиллагааг хуулийн хүрээнд шуурхай зохион байгуулах, хяналт тавих, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэрэг илрүүлэх болон холбогдогч нь оргон зайлсан хэргийн холбогдогчийг эрэн сурвалжилж баривчлах.
  • Төр, засгийн тэргүүн, гадаад дотоодын зочин төлөөлөгчдийн болон баяр наадам, спорт, урлагийн арга хэмжээний үед замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалт, зохицуулалтыг зохион байгуулах.
  • Удирдах дээд байгууллага, албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийг хэрэгжүүлэх.
  • Ослын газарт мэргэжлийн хүмүүс (эмч, сувилагч) байхгүй тохиолдолд хохирогчид эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх. 

Мэргэжлийн ур чадвар

Замын хөдөлгөөний аюулгүй байдал болон хууль тогтоомжийн талаар өргөн мэдлэгтэй, хариуцлагатай, бүтээлч, харилцааны өндөр соёлтой, бие даан үүрэг гүйцэтгэх чадвартай, багаар ажиллах, ажлын цагийг нарийн баримтлах, ажлын орчинд бий болсон бэрхшээлүүдийг шийдвэрлэх ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Сонор сэрэмжтэй, гярхай, хурц хараатай, овсгоо самбаатай, анхаарлын төвлөрөлт, тогтворжилт, шилжилт, хуваарилалт сайтай, хурдан шаламгай, өөртөө итгэлтэй, зоримог шийдэмгий, хүлээцтэй тайван, орчиндоо дасан зохицох чадвартай, тэвчээр хатуужилтай, ачаалал даах чадвартай, нягт нямбай, үнэнч шударга, ёс зүйтэй байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус, хортой нөхцөл.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ээлжийн, шаардлагатай тохиолдолд нийтээр амрах баярын өдөр болон уртасгасан цагаар ажиллах.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Зам, тээврийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчих, анхаарал болгоомжгүй хандсанаас бусдын болон өөрийн эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учрах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Цагдаагийн мэргэжлийн болон хуулийн гадаад, дотоодын их, дээд сургуульд элсэн суралцаж, алба тушаал дэвших, цагдаагийн тасаг, хэлтэс, газрын дарга болох боломжтой.