МӨРДӨН БАЙЦААГЧ /Police inspector/

Хийж гүйцэтгэдэг ажил

Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан Прокурорын байгууллагаас харъяалал тогтоосон гэмт хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу мөрдөн байцаалт явуулж, гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоохын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг гүйцэтгэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, хэвлэгч, олшруулагч, дуу дүрс бичлэгийн болон телефон утасны аппарат, хууль тогтоомжийн эмхэтгэл гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Хууль сахиулах болон эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Хэргийн газарт үзлэг хийх, зураглал үйлдэх, дууны болон дүрс бичлэг хийж, тэмдэглэл үйлдэх. Хэргийг бүх талаас нь шалгаж дууссаны дараа хэргийн материалыг бүрдүүлж прокурорт шилжүүлэх.
  • Эд мөрийн баримт болон бусад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, тэдгээрийг шалгаж үнэлэх, хойшлуулшгүй ажиллагаа явуулах.
  • Сэжигтэн, яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрч, шинжээч болон хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл өгч болох бусад этгээдийг байцаах, нүүрэлдүүлэн байцаах, таниж олуулах, шинжилгээ хийлгэх, тэдэнд эрхийг нь тайлбарлаж гаргасан гомдол, хүсэлтийг нь шийдвэрлэх.
  • Шаардлагатай этгээдийн бие, тээврийн хэрэгсэл, ачаа тээш болон орон байранд үзлэг, нэгжлэг хийх, туршилт хийх, эд хөрөнгө битүүмжлэх буюу хамгаалах арга хэмжээ авах.
  • Хуульд заасан үндэслэлээр сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид таслан сэргийлэх болон албадлагын бусад арга хэмжээг авах, хэрэгт хяналт тавьж буй прокуророос өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх.
  • Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг тогтоож, түүнийг арилгуулах арга хэмжээ авахуулахаар зохих этгээдэд мэдэгдэл бичиж хэрэгжилтийг нь тооцож ажиллах.
  • Цагдаагийн алба хаагчийн хуулиар хүлээсэн нийтлэг үүргийг хэрэгжүүлэх. 

Мэргэжлийн ур чадвар

Хуулийн онолын болон практикийн мэдлэг, ур чадвартай, иргэдийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах, шударга, ёс зүйтэй ажиллах, хүний эрхийг хүндэтгэн ажиллах, сахилга бат, ёс зүйг чанд сахих, хувь хүн болон байгууллагын нууцыг чандлан хадгалах, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, шийдэл боловсруулах ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Анхаарлын төвлөрөлт, тогтворжилт сайтай, ажигч гярхай, хурдан гавшгай хөдөлгөөнтэй, хувийн зохион байгуулалттай, ой тогтоолт сайтай, нягт нямбай, хариуцлагатай, үнэнч шударга, харилцааны соёлтой, цагийн менежменттэй, логик сэтгэлгээ, хүн таних чадвартай, ажлын ачаалал даах, сэтгэл хөдлөлөө жолоодон хянах, эрсдлийг даван туулах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн, шаардлагатай тохиолдолд уртасгасан цагаар ажиллах.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Гэмт этгээдийн халдлагад өртөх.

Ирээдүйд ахих дэвших боломж

Ахлах мөрдөн байцаагч, тасаг, хэлтэс, газрын дарга, цагдаагийн удирдах албан тушаалтан зэргээр албан тушаал, цол ахих боломжтой.