НОТАРИАТЧ /Notary/

Хийж гүйцэтгэдэг ажил

Төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх, хуулиар тогтоосон болон үйлчлүүлэгчийн хүсэлтээр тодорхой үйлдэл, баримт бичгийг гэрчлэх ажил гүйцэтгэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Хууль тогтоомжийн эмхэтгэл, тамга тэмдэг, хэвлэмэл хуудас хадгалах сейф, компьютер, хэвлэгч, олшруулагч гэх мэт. 

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх. Мэргэшлийн хорооноос явуулах мэргэшлийн шалгалтад тэнцэж, нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан, ял шийтгэлгүй, нотариатын үйл ажиллагаа эрхлэх ажлын байртай байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичиг /гэрээ, хэлцэл, гэрээлэл, итгэмжлэл, өвлөх эрхийн гэрчилгээ, баримт бичгийн хуулбар гэх мэт/-ийг гэрчлэх.
  • Үйлчлүүлэгч хүсэлтээр нотариатчаар гэрчлүүлэхээр хуульд зааснаас бусад үйлдэл, баримт бичгийг үл маргах шинжтэй болгох зорилгоор гэрчлэх, гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх, нотариатын мэдэгдэх хуудас бичих.
  • Эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар биеэр ирэх боломжгүй үйлчлүүлэгчийн байгаа газар очиж нотариатын үйлдэл хийх.
  • Нотариатын үйлдэл хийлгэж байгаа этгээдийн хувийн байдлыг тогтоох зорилгоор баримт бичгийг үзэх, шаардлагатай баримт бичиг, мэдээллийг иргэн хуулийн этгээдээс шаардан авах, дуудан ирүүлэх.
  • Үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх.
  • Нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах, нотариатын үйлдэл хийсэн талаар бүртгэл, тэмдэглэл хөтлөх, баримт бичгийн эх хувь болон бусад баримт материалыг хадгалах, архивт шилжүүлэх.

Мэргэжлийн ур чадвар

Хууль тогтоомж, нийгмийн амьдралын өргөн мэдлэгтэй, өөрчлөлт шинэчлэлийг мэдрэх, тусгаж авах, шударга, ёс зүйтэй, компьютер, дагалдах техник хэрэгслийг ашиглах ур чадвартай, монгол хэлний бичгийн болон ярианы соёлтой, албан хэрэг хөтлөлт, архивын ажиллагааны мэдлэг, ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Нийгмийн шинжлэх ухааны мэдлэгтэй, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт сайтай, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх чадвартай, өөртөө итгэлтэй, хянуур нямбай, харилцааны соёлтой, сэтгэл хөдлөлөө хянах чадвартай, шударга, зарчимч, ёс зүйтэй, шийдэл боловсруулах ур чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Санаатай болон санамсаргүй байдлаар хууль зөрчиж гэрчлэх үйл ажиллагаа явуулах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Хууль зүйн салбарын бусад ажил мэргэжилд хөрвөх боломжтой.