ТАХАРЫН АЛБАНЫ АЖИЛТАН /Marshalofficer/

Хийж гүйцэтгэдэг ажил

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах үйл ажиллагааны тодорхой нэг чиглэлээр дагнан үүрэг гүйцэтгэнэ. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер болон дагалдах хэрэгсэл, бичиг хэргийн хэрэгсэл, хууль тогтоомжийн эмхэтгэл, галт зэвсэг болон тусгай хэрэгсэл гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Батлан хамгаалах болон хууль сахиулах байгууллагын алба хаагчаар гурваас доошгүй жил ажиллаж байгаа, ял шийтгүүлж байгаагүй, 35 хүртэлх насны иргэн, эрүүл мэнд, бие бялдар, мэргэжил, боловсрол болон ёс зүйн шаардлага, шалгуурыг хангасан байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Шүүхийн харуул хамгаалалтыг хэрэгжүүлэх, шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны дэг зөрчсөн этгээдийг шүүгчийн шийдвэрээр танхимаас гаргах, дуудсан үед оруулах.
  • Яллагдагч, ялтныг хорих байрнаас шүүх хуралдаанд, шүүх хуралдаанаас хорих байранд хүргэх, ялтныг гадаад улсад шилжүүлэх, гадаад улсаас ялтан хүлээж авах ажлыг зохион байгуулах.
  • Шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх, оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах.
  • Шүүх, шүүгчийн аюулгүй байдалд хор учруулж болзошгүй этгээдийг тогтоож, түүнд хүлээлгэх ял шийтгэлийн талаар урьдчилан сануулах, шаардлагатай бол биечилсэн болон техникийн дэмжлэгтэй хамгаалалт зохион байгуулах.
  • Гэрч хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа /хууль зүй, сэтгэл санаа, эрүүл мэндийн болон шинэ ажил, мэргэжилтэй болоход/ үзүүлэх.
  • Тахарын ажилтан нь дээр үүргүүдийг хэрэгжүүлэхдээ нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шаардлагатай тохиолдолд галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх.

Мэргэжлийн ур чадвар

Хуулийн онолын болон практикийн мэдлэг, ур чадвартай, иргэдийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах, шударга, хүний эрхийг хүндэтгэн ажиллах, сахилга бат, ёс зүйг чанд сахих, хувь хүн болон байгууллагын нууцыг чандлан хадгалах ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Анхаарлын төвлөрөлт, тогтворжилт сайтай, ажигч гярхай, нийгмийн амьдралын олон талын мэдлэгтэй, хурдан шаламгай, эрүүл мэнд, бие бялдарын хөгжил сайн, хөдөлгөөний хурд, эвсэлтэй, үнэнч шударга, сахилга баттай, логик сэтгэлгээ, хүнийг таних чадвартай, ажлын ачаалал даах, сэтгэл хөдлөлөө жолоодон хянах, эрсдлийг даван туулах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Албан үүрэгтэй холбогдуулан гадны нөлөө, халдлагад өртөх эрсдэлтэй.

Ирээдүйд ахих дэвших боломж

Тахарын албаны удирдах албан тушаалтан, хууль сахиулах бусад байгууллагад хөрвөн ажиллах боломжтой.