ХЭСГИЙН БАЙЦААГЧ /Field inspector/

Хийж гүйцэтгэдэг ажил

Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлж, өөрт харъяалуулсан гэмт хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах үүрэг гүйцэтгэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, хэвлэгч, олшруулагч, бичиг баримт хадгалах сейф, телефон утасны аппарат, хууль тогтоомжийн эмхэтгэл гэх мэт. 

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Хууль сахиулах чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хамгаалах ажлыг зохион байгуулах.
  • Хариуцсан нутаг дэвсгэрийн дэлгэрэнгүй судалгаа /орон сууц, байгууллага, аж ахуйн нэгж, үйлчилгээний газрууд, гэмт хэрэг гарч болзошгүй цэг, гэмт хэрэг, зөрчил үйлдэж болзошгүй этгээд г.м/-г төрөлжүүлэн хийж, сан бүрдүүлэх, түүнд тогтмол баяжилт, хөдөлгөөн хийж гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд ашиглах.
  • Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл болон удирдлагаас өгсөн үүргийн дагуу хаягаар дуудлаганд шуурхай очиж, иргэдэд үйлчилгээ үзүүлэх.
  • Хэргийн газрыг хамгаалалтад авч, хойшлуулшгүй     ажиллагаа        явуулах, шаардлагатай хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх.
  • Хариуцсан нутаг дэвсгэртээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтарч ажиллах, мэдэгдэл өгч биелэлтийг хангуулах.
  • Хуулиар цагдаагийн байгууллагад харъяалуулсан захиргааны үүргийг хэрэгжүүлж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах.
  • Цагдаагийн алба хаагчийн хуулиар хүлээсэн нийтлэг үүргийг хэрэгжүүлэх. 

Мэргэжлийн ур чадвар

Хуулийн онолын болон практикийн мэдлэг, ур чадвартай, иргэдийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах, шударга, ёс зүйтэй ажиллах, хүний эрхийг хүндэтгэн ажиллах, сахилга бат, ёс зүйг чанд сахих, хувь хүн болон байгууллагын нууцыг чандлан хадгалах, хариуцсан нутаг дэвсгэр, оршин суугчдын амьдралын хэв маяг, онцлогийг мэддэг, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, шийдэл гаргах ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Анхаарлын төвлөрөлт, тогтворжилт сайтай, ажигч гярхай, мэдрэхүйн эрхтний ажиллах чадвар сайтай, хөдөлгөөний эвсэлтэй, нягт нямбай, хариуцлагатай, үнэнч шудрага, хүнлэг энэрэнгүй, цагийн менежмэнттэй, логик сэтгэлгээ, хүн таних чадвартай, ажлын ачаалал даах, сэтгэл хөдлөлөө жолоодон хянах, эрсдлийг даван туулах чадвартай байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Гэмт халдлагад өртөх.

Ирээдүйд ахих дэвших боломж

Цагдаагийн бусад төрөл, албанд шилжин ажиллах, цагдаагийн удирдах албан тушаалтан болох боломжтой.