КОЛЛЕЖ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН УЛС ТӨР СУДЛАЛ, НИЙГМИЙН УХААНЫ БАГШ /Political science teachers, Postsecondary/

Хийж гүйцэтгэдэг ажил

Улс төр судлал, олон улсын байдал, олон улсын харилцааны хичээлийг заана. Хичээлийн ангид хэлэлцүүлэг өрнүүлэх, санаачилж, чиглүүлж удирдана. Дээд сургуулийн бакалавр болон магистр, докторын зэрэг горилж буй оюутнуудад улс төрийн сэтгэлгээний түүх, олон улсын харилцаа, ардчилал, иргэншлийн талаар лекц уншина. Их, дээд сургуулийн багш нь өөрийн мэргэжлийн хүрээнд лекц, семинар, лаборатори, дадлага зэрэг сургалтын зохион байгуулалтын хэлбэрээр мэдлэгээ дамжуулан сургалтад оролцоно. Гэхдээ шууд утгаар оюутанд зааж сургах, шинэ мэдлэг олгох биш, харин бие дааж мэдлэгийн цар хүрээг хэрхэн тэлэх, ямар арга хэрэглэн юуг сурах талаар санаа өгч чиглүүлнэ. Багшийн үйл ажиллагаа зөвхөн онолын энгийн мэдлэг олгох, мэдээлэл хийх, тоо баримт, түүхийн холбоо уялдаа, шинжлэх ухааны онол, зүй тогтол зарчим зэргийг ойлгоход нь оюутнуудад туслах ажил хийнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, хэвлэгч, олшруулагч, видео болон аудио бичлэгийн камерууд, улс төрийн чиглэлийн ном, сурах бичгүүд, багшийн ном, сурагчдын ном, бусад гарын авлага, маркер, төрөл бүрийн хэмжээтэй бичгийн цаас, бичгийн хэрэгсэл, үзэг бал.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Нийгмийн ухааны мэргэжлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Оюутны гэрийн даалгавар, бие даалт, ангийн ажлыг шалгах, тэрчлэн тараах материал бэлтгэх зэрэгт тодорхой цаг төлөвлөн зарцуулах. Явцын болон улирлын шалгалтын тестүүд бэлтгэж, сурагчдын мэдлэг чадварыг үнэлж дүгнэх. Түүнчлэн оюутны өдөр тутмын ирц, явцын шалгалтын дүн болон бие даалтын ажлыг бүртгэх.
  • Улс төрийн чиглэлээр, тодорхой сэдвийн хүрээнд курсийн ажил болон реферат бичүүлж дүгнэх. Томоохон бүлэг сэдвийн дараа шүүлэг шалгалт авч, оюутны мэдлэгийг бодитой үнэлэх.
  • Танхимын сургалтаас гадна оюутныг хөгжүүлж сэдэлжүүлэх зорилгоор улс төрийн хичээлээр төрөл бүрийн уралдаан, тэмцээн, мэтгэлцээн, АСТ болон олимпиадыг мэргэжлийн бусад багш нарын хамт зохион байгуулах.
  • Мэргэжил нэгт ахмад болон залуу багш нараас суралцах, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт- семинар, хурал зөвлөгөөнд оролцох, гадаад, дотоодын магистр, докторын сургалтад хамрагдах.
  • Оюутнуудад зөвлөх болон туслах зорилгоор оффист ажиллах хуваарь гаргаж мөрдөх.
  • Тодорхой мэдлэгийн хүрээнд судалгаа явуулж, түүнийгээ мэргэжлийн ном сэтгүүлд болон электрон байдлаар хэвлэн нийтлүүлэх.
  • Хичээлд хэрэглэгдэх ном, сурах бичиг, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн захиалгыг сургалтын албаар дамжуулан номын сан, санхүүгийн хэлтсээр ахлуулсан мэргэжлийн комисст хандах.

Мэргэжлийн ур чадвар

Улс төр, нийгмийн ажлын туршлагатай, дэлхийн улсуудын улс төрийн түүхийн мэдлэгтэй, бичгийн болон хэл ярианы өндөр түвшний соёлтой, гадаад хэлний мэдлэгтэй, нийгэм эдийн засгийн хууль тогтоомж эрхзүйн мэдлэгтэй байх. Хөрш орнууд болон гуравдахь хөршийн улс төрийн бодлого, хандлагын талаарх мэдлэгтэй, монголын улс төр, нийгмийн түүх судалсан, уран илтгэгч,хувийн болон харилцааны соёлтой, хэлэлцүүлэг, мэтгэлцээ өрнүүлэх, дүгнэлт хийх чадвартай байх. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Нийгмийн ухааны өргөн мэдлэгтэй, ой тогтоолт сайтай, алсын хараатай, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны соёлтой, сонсох, сэтгэл хөдлөлөө хянах, манлайлах, ажлын ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Стресст орох. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Улс төр, нийгмийн шинжлэх ухаан, нийгмийн харилцааны салбар, боловсролын салбарт өөрийн ур чадвараа хөгжүүлж ажилласнаар албан тушаал ахих боломжтой. Улс төр, нийгмийн салбарт өөрийн карьераа хөгжүүлэх бүрэн боломжтой.