ХОНЬЧИН /Shepherd/

Хийж гүйцэтгэдэг ажил

Арьс ноос авах, мах, сүү, бусад цагаан идээ боловсруулах, зах зээлд зарж борлуулах зорилгоор таван хошуу малын нэг хонин сүргийг өсгөн үржүүлэх ажлыг төлөвлөж, зохион байгуулна.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Хашаа, саравч, хүрз, жоотуу, хайч, ангууш, араг, савар, царил, сур, дээс, ховоо, усны онгоц, нэмнээ, дуран, тариур гэх мэт. 

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Уламжлалт мал маллах монгол ухааныг эзэмшсэн байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Хонин сүргийн зохистой маллагааг хангахын тулд бэлчээр сэлгэж сайжруулах, тэжээл, усаар хангах, тэдгээрт хяналт тавих.
  • Жин нэмэлтийн хэмжээг хянах, өвчлөл, гэмтэл зэргийг илрүүлж илааршуулах.
  • Угааж цэвэрлэх, тэмдэг тавих, эм уулгах, засах, үс, ноосыг хайчилж авах.
  • Малын сүүг гараар саах.
  • Сүүг боловсруулж элгэн тараг, ээдэм, ааруул, цөцгий, өрөм, хурууд бэлтгэх.
  • Малд тэжээл, нэмэлт бүтээгдэхүүн, эмийг тогтоосон хэмжээгээр найруулж өгөх.
  • Хээлтүүлэг хийх, мал төллөхөд туслах зэрэг нөхөн үржихүйтэй холбоотой ажил хийх.
  • Хашаа, саравчийг цэвэрлэх.
  • Хүнс болон бусад хэрэглээнд ашиглах зорилгоор мах бэлтгэх.
  • Малын гаралтай бүтээгдэхүүн болон цагаан идээг бэлтгэх, хадгалах, борлуулах. 

Мэргэжлийн ур чадвар

Байгаль, цаг уурыг таамаглах, хөрсний үржил шимтэйг сонгон бэлчээрлүүлэх, малын зүс таних, уламжлалт аргаар цагаан идээ, түүхий эдийг боловсруулах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ачаалал даах, төлөвлөх, тооцоолох, ажилч хичээнгүй, тууштай, амьтан, ургамалд хайртай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Жилийн дөрвөн улирал, цаг харгалзахгүй ажиллана.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Байгаль, цаг уурын өөрчлөлт /ган, зуд/, малын халдварт өвчин, малын хулгай.

Ирээдүйд ахих дэвших боломж

Улсын сайн малчин, мянгат хоньчин, мал аж ахуйн фермер, мах сүүний шилмэл үүлдрийг бий болгох.