ХҮЛЭМЖИЙН МЕНЕЖЕР /Greenhouse Manager/

Хийж гүйцэтгэдэг ажил

Мод, бут, цэцэг болон бусад ургамлыг үрслүүлэн тарих, хураан авах ажлыг гүйцэтгэдэг ажилтнуудын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ажиллана.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Ажлын ширээ сандал, компьютер, олшруулагч, хэвлэгч, телефон утас, жижиг оврын ачааны машин, ургамлын үр, бордоо, хүлэмж, усалгааны систем, ажлын хувцас гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Хөдөө аж ахуйн чиглэлээр агрономийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Байгалийн өгөгдөл газар, ногоон хүлэмж, усан цөөрөм зэрэгт тарьж ургуулах ургамлын нөхцөл байдлыг тодорхойлон хуваарь гаргах.
  • Цэцэрлэг, хүлэмжинд тарих ургамлын нэр төрөл, тоо хэмжээг тооцож, төсөв гарган борлуулалтын тоог удирдах ажилтны өгсөн үүрэг чиглэлийн дагуу тодорхойлох.
  • Аюулгүй байдлын дүрэм заавруудыг тайлбарлаж мөрдүүлэх.
  • Ургамлын өвчин,хог ургамал, хортон шавьжуудыг устгах, тарьж ургуулсан ургамал цэцгээ хортон шавьжнаас хамгаалах.
  • Цэцэрлэгжүүлэлтийн ургамал цэцгийг үзэсгэлэн чимэглэлд, мөн худалдан борлуулах, судалгааны зорилгоор тарьж ургуулах үрсэлгээ арчилгааны газруудыг удирдах.
  • Ургамлын тэжээл, үр, ургамлын өвчнийг эмчлэх химийн бодис мөн цэцэрлэгжүүлэлтэд шаардагдах тоног төхөөрөмж худалдан авах.
  • Тухайн орчинд нийцүүлэн өвс ургамлыг усжуулах системийг байрлуулж компьютерийн програмыг тохируулах.
  • Мод бут, цэцэг, өвс ургамлыг хэрхэн арчлах талаар хэрэглэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгөх.

Мэргэжлийн ур чадвар

Хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлд тариалах таримлын төрөл сортыг зөв сонгож, агротехникийн арга ажиллагааг хугацаанд нь гүйцэтгэж, шинжлэх ухааны онолын үндэстэй зохион байгуулах ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Байгалийн ухааны мэдлэгтэй, сэтгэн бодох чадвартай, уран сайхны мэдрэмжтэй байх. Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Чанар муутай үр хэрэглэснээс, цэцэрлэгжүүлэх ажилд хугацаа алдах, их хэмжээний алдагдалд оруулах эрсдэлтэй.

Ирээдүйд ахих дэвших боломж

Ногоон хүлэмж, цэцэрлэгжилт, Хөдөө аж ахуйн салбар, төрийн байгууллагад ажиллана.