ОРЧУУЛАГЧ /Interpreter and translator/

Хийж гүйцэтгэдэг ажил

Хүний шууд ярьж буй яриа, цаасан дээр буулгасан болон дохионы ярианы текстийг нэг хэлнээс нөгөө хэл рүү орчуулна. Эх материалын утга, агуулга, мэдрэмжүүд, орчуулгын дараа хадгалагдсан эсэхийг эх тексттэй тулгах буюу эсвэл зохиогчтой ярилцаж шалгана.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Толь бичиг, төрөлх хэлний тайлбар толь, компьютер, үзэг, бал, харандаа, тэмдэглэлийн дэвтэр, принтер, скайнер, дуу хураагуур, диктафон, тухайн орчуулга хийх эх материал, түүхэн баримт гэх мэт зүйлсийг ашиглана.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Ажлын байранд удаан хугацааны дадлага хэрэгтэй. Хэл судлаач, орчуулагч, гадаад хэлний багш мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Техникийн нэр томъёо, өгүүлбэрийг зөв орчуулсан, тухайн орчуулгын туршид ижил нэр томъёог давтсан эсэхийг шалгах. Техник, хууль болон анагаахын үг хэллэгийг орчуулахдаа хэрэглэсэн нэр томъёо, мэдээллийг багцалж хадгалах. Шаардлагатай үед диктафон ашиглан илтгэгчдийн яриаг бичиж авч, түүнийг орчуулах үедээ хэрэглэх.
  • Хуулийн баримт бичиг, шинжлэх ухааны ажил, хэвлэлийн мэдээ зэргийг орчуулахдаа тухайн салбарын үг хэллэгийг түлхүү ашиглана. Толь бичиг, хэлний тайлбар толь, нэвтэрхий толь, компьютерийн мэдээллийн бааз зэргийг ашиглан, орчуулгыг үнэн зөв нарийн нягт нямбай хийх.
  • Аман яриаг шууд дагаж орчуулах, эсвэл ярилцагчийн яриаг тасалж уламжлалт аргаар орчуулах, гараар дохио зангаагаар орчуулах зэрэг хэлбэрээр орчуулан ярианы агуулга, контекст, стилийг аль болох бүрэн хадгалж орчуулах.
  • Техникийн бичиг баримтыг өөр хэл рүү хөрвүүлэхэд компьютерийн програм ашиглана. Багш, оюутан, эцэг эх, ажилтнуудад орчуулга хийх талаар заавар зөвлөгөө өгч, хичээл заана.
  • Гадаадын жуулчидтай хамт аялж, тэдэнд орчуулга хийх.
  • Орчуулгад тавигдах шаардлагын талаар захиалагчтай харилцан ярилцаж, орчуулгын хөлсийг тохиролцох.
  • Орчуулсан материалыг нягталж уншин, редакторлаж засч сайжруулах.
  • Мэдээллийн нууцлалыг хамгаалах талаар ёс зүйн дүрмийг сахих.
  • Үгийн утга, концепц, хэрэглэх практик, харилцааны онцлогтой холбоотой зөрчлүүдийг таньж шийдвэрлэх.
  • Орчуулах зүйлийнхээ агуулгын тухай мэдээлэл болон контекст, орчуулгын захиалга өгсөн хүмүүс болон байгууллага, аман орчуулга хийсэн хугацаа, газар зэргийг бүртгэж нэгтгэн эмхлэх.
  • Бусад орчуулагч нараа дадлагажуулах буюу сургах зорилгоор зааж зөвлөх, санаа бодлоо солилцох зэргээр удирдаж хянах. 

Мэргэжлийн ур чадвар

Монгол хэлний өндөр мэдлэгтэй, ярианы болон бичгийн чадвартай, салбар бүрийн мэргэжлийн үг, хэллэгүүдийг мэддэг, Монголын болон дэлхийн түүх соёлыг судалсан байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, логик сэтгэхүйтэй, ажил мэргэжлийн ёс зүйтэй, бичиж боловсруулах, ярих, төлөвлөх, ажил гүйцэтгэх, тайлагнах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн болон уртасгасан цагаар. 

Ажлын явцад гарч болох эрсдэл

Мэргэжил болон техникийн хэллэг, нэр томъёог мэдээгүйгээс болж буруу орчуулга хийх, тэрчлэн ойлгомжгүй орчуулга хийснээс болж талууд ойлголцохгүй байх, мөн тухайн хүний хэлснийг бүрэн эхээр нь ойлгоогүйгээс болж хэлсэн ярьсныг буруу ташаа орчуулбал сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Олон нийтийн харилцааны мэргэжилтэн, гадаад харилцааны мэргэжилтэн, төлөөлөгч, боловсрол сургалт хариуцсан мэргэжилтэн, олон улсын харилцааны мэргэжилтэн хийх боломжтой.