МЕТАЛЛУРГИЧ /Metallurgist/

Хийж гүйцэтгэдэг ажил

Металлургийн процессын механизм онцлогийг молибден, рений, вольфрам, ванадий, титан, германи, газрын ховор элемент, ниобий тантал, селен, теллур, галий зэрэг элемент дээр нарийвчлан судалж, шинж чанар, найрлагыг тодорхойлж, судалгаа хийнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, хэвлэгч, туршилтын багаж хэрэгсэл, химийн бодис, лабораторийн тоног төхөөрөмж, ажлын хувцас, хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Металлурги, химийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Хүдэр баяжмалаас химийн нэгдэл гарган авах, талстжуулах, тунадасжуулах.
  • Хандах ион солилцол, цахилгаан хими, исэлдэн ангижрах процессийн аргуудыг элементийн шинж чанарын онцлогт тохируулан сонгон авч, технологи боловсруулахад хэрэглэх.
  • Химийн элементийн байгальд орших хэлбэр, агуулга хэмжээ ба хэрэглээний төрлөөс хамааруулан тэдгээрийг гарган авах, ялгах, салгах, цэвэршүүлэх, технологийг сонгох боловсруулах.
  • Эрдсийн түүхий эдийн найрлага, технологийн шинж чанарыг шинжлэх, тэдгээрийг пиро ба гидрометаллургийн аргаар боловсруулах.
  • Лабораторийн хэмжих хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж, бусад хэрэгслийн ашиглалт, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, бүртгэл хөтлөх.
  • Ажилтнуудын химийн тоног төхөөрөмж болон химийн бодистой харьцахад заавал сахих журам, заавар боловсруулж, мөрдүүлэх.
  • Шинжилгээний шинэ техник, технологи судлан нэвтрүүлэх талаар судалгаа шинжилгээ, туршилт хийж, ажлын үр дүнг тайлагнах. 

Мэргэжлийн ур чадвар

Хүдэр баяжмалаас химийн нэгдэл гарган авах, талстжуулах, тунадасжуулах, хандах ион солилцол, цахилгаан хими, исэлдэн ангижрах процессын аргуудыг элементийн шинж чанарын онцлогт тохируулан сонгон авах технологи боловсруулахад хэрэглэж мэдлэг чадварыг эзэмшсэн байх. Химийн онолын мэдлэгийг гүнзгийрүүлэн эзэмшсэн, шинжилгээ, туршилтын дадлага суусан, химийн судалгааны арга зүй, лабораторид ажиллах арга ажиллагааг эзэмшсэн, химийн технологийн үндсэн зарчим, органик бус бодисыг гарган авах, ялгах химизм зэрэг ерөнхий онол практикийг бүрэн эзэмшсэн байх, гадаад хэлний мэдлэгтэй, бодис ялган таних, тооцоолох, төлөвлөх, шийдэл гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Математик сэтгэлгээтэй, өнгөний болон гарын мэдрэмжтэй, нягт нямбай, химийн бодисын харшилгүй, байгалийн юмс үзэгдлийг судлах дуртай, ажил мэргэжлийн ёс зүйтэй байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс хордлого, осол, гэмтэл авах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Уул уурхайн төрөл бүрийн салбарт, эрдэс түүхий эдийн шинжилгээний лабораториуд, физик, хими, геологийн хүрээлэнгийн судалгааны лаборатори зэрэг газруудад судлаач, лабораторийн эрхлэгч, удирдах ажилтан хийх боломжтой.