ОРГАНИК ХИМИЧ /Organic chemist/

Хийж гүйцэтгэдэг ажил

Органик химийн шинжлэх ухааны судлах зүйл, бүтцийн онол, урвалын механизм, ангилал, ковалентын холбоо, нүүрстөрөгчийн атомуудын химийн холбооны электронт бүтэц ба электрон үүлний онол, sp-эрлийзжилт, үндсэн химийн шинж чанарын урвалууд (халах, нэгдэх, изомержих, исэлдэх г.м), тэдгээрийн механизмын талаар болон үндсэн нэгдлүүдийг бүлэглэн ангилж, нийлэгжүүлж, шинэ бүтээл гарган авах талаар судалгаа, шинжилгээ, туршилт хийдэг.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, хэвлэгч, туршилтын багаж хэрэгсэл, химийн бодис, лабораторийн тоног төхөөрөмж, ажлын хувцас, хэрэглэл. 

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Хими, химийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Төрөл бүрийн материал дээр туршилт, шинжилгээ хийх, шаардлагатай элементүүдийг тоон үзүүлэлтээр тодорхойлох.
  • Органик химийн аж үйлдвэрийн технологийн үндэс болсон зарим органик бодисууд (хагас боловсруулсан завсрын бүтээгдэхүүн)-ыг гарган авах.
  • Хагас боловсруулсан завсрын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх технологийг гаргах.
  • Лабораторийн хэмжих хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж, бусад хэрэгслийн ашиглалт, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, бүртгэл хөтлөх.
  • Ажилтнуудын химийн тоног төхөөрөмж болон химийн бодистой харьцах журам, зааврыг боловсруулж мөрдүүлэх.
  • Шинжилгээний шинэ техник, технологи судлан нэвтрүүлэх талаар судалгаа шинжилгээ, туршилт хийж, ажлын үр дүнг тайлагнах. 

Мэргэжлийн ур чадвар

Химийн онолын мэдлэгийг гүнзгийрүүлэн эзэмшсэн, шинжилгээ, туршилтын дадлага суусан, химийн судалгааны арга зүй, лабораторид ажиллах арга ажиллагааг эзэмшсэн, химийн технологийн үндсэн зарчим, органик бус бодисыг гарган авах, ялгах химизм зэрэг ерөнхий онол практикийг бүрэн эзэмшсэн байх, гадаад хэлний мэдлэгтэй, бодис ялган таних, тооцоолох, төлөвлөх, шийдэл гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Математик сэтгэлгээтэй, өнгөний болон гарын мэдрэмжтэй, нягт нямбай, химийн бодисын харшилгүй, байгалийн юмс үзэгдлийг судлах дуртай, ажил мэргэжлийн ёс зүйтэй байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс хордлого, осол, гэмтэл авах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Химийн лабораторын шинжээч, химич. Их, дээд сургуульд багш, эрдэм шинжилгээний байгууллагад судлаачаар ажиллаж болно.