ХИМИЧ /Chemist/

Хийж гүйцэтгэдэг ажил

Химийн шинжлэх ухааны онол, практик туршлагыг хослуулан судалгааны ажил төлөвлөх, турших, үр дүнг боловсруулах, тайлагнах ажлуудыг хийнэ. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, хэвлэгч, лабораторийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, химийн бодисууд, гарын авлага, ажлын хувцас, хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Химийн ухааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Химийн бүтээгдэхүүний байгаль орчинд үзүүлж буй хор нөлөөг судалж, тэдгээрийг саармагжуулах, арилгах арга хэмжээ авах.
  • Химийн үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжинд чанарын шинжилгээ, сорилт туршилтыг батлагдсан стандарт, арга аргачлалын дагуу үнэн зөв хийж, бодит хариу, мэдээллээр удирдлага, хэлтэс, албадыг хангах.
  • Шинээр гарч буй химийн үйлдвэрийн бүтээгдэхүүний шинжилгээний үр дүнд боловсруулалт хийж, ажлын явц, үр дүнг тэмдэглэн хөтлөх, тайлагнах.
  • Үйлдвэрийн явц болон бүтээгдэхүүний хүн болон байгальд үзүүлэх нөлөөг судалж, шинжилгээний үр дүнг сар, улирал, жилээр гаргаж, тайлан гаргах.
  • Лабораторийн хэмжих багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, бусад хэрэгслийн ашиглалт, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, бүртгэл хөтлөх.
  • Ажилтнуудын химийн тоног төхөөрөмж болон химийн бодистой харьцах журам, заавар боловсруулж, мөрдүүлэх.
  • Шинжилгээний шинэ техник, технологи судлан нэвтрүүлэх талаар судалгаа шинжилгээ, туршилт хийж, ажлын үр дүнг тайлагнах. 

Мэргэжлийн ур чадвар

Химийн онолын мэдлэгийг гүнзгийрүүлэн эзэмшсэн, шинжилгээ, туршилтын дадлагатай, химийн судалгааны арга зүй, лабораторид ажиллах арга ажиллагааг эзэмшсэн, химийн технологийн үндсэн зарчим, органик бус бодисыг гарган авах, ялгах химизм зэрэг ерөнхий онол практикийг бүрэн эзэмшсэн байх, гадаад хэлний мэдлэгтэй, бодис ялган таних, тооцоолох, төлөвлөх, шийдэл гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Математик сэтгэлгээтэй, өнгөний болон гарын мэдрэмжтэй, нягт нямбай, химийн бодисын харшилгүй, байгалийн юмс үзэгдлийг судлах дуртай, ажил мэргэжлийн ёс зүйтэй байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн, эсвэл богиносгосон цагаар ажиллах.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс хордлого, осол, гэмтэл авах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Химийн үйлдвэрүүдэд лабораторын эрхлэгч, химич, шинжээчээр ажиллаж болно. ЕБС, их, дээд сургууль коллежид багшлах, мэргэжлээрээ гадаадын технологийн их дээд сургууль, коллеж ба эрдэм шинжилгээний байгууллагад судлаачаар ажиллаж болно. Хил гаалийн лабораторид шалгагч мэргэжилтэн хийж болно.