ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ХИМИЧ /Environmental chemist/

Хийж гүйцэтгэдэг ажил

Химийн үйлдвэрийн ба төрөл бүрийн техник, технологи, ахуй хэрэглээний зориулалтын химийн хорт бодисын бохирдолтоос байгаль орчин, хүн амьтны эрүүл мэндийг хамгаалах, тэдгээрийг зөв зохистой хэрэглэх асуудлаар судалгаа шинжилгээ хийх, бодлого боловсруулах ажил хийнэ. Химийн бодис, тэдгээрийн нэгдлийн физик химийн шинж чанарыг судалж, байгаль орчинд хүн амьтанд нөлөөлөх хэмжээг тогтоон, бохирдолтын голомтод ажиллах, хөдөлмөрийн нөхцөл хамгаалалтын дүрэм, горимын талаар онолын мэдлэг эзэмшиж, тэдгээрээс үүдэж гарах сөрөг нөлөөнүүдээс хамгаалах арга хэмжээ авах, зөвлөмж, заавар өгөх, саармагжуулах ажил хийнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, хэвлэгч, хууль эрх зүйн эмхэтгэл, туршилтын багаж хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмж, химийн бодисууд, ажлын хувцас, хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Байгаль орчин, хими, химийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Химийн хорт бодисын бохирдолтоос байгаль орчин, хүн амьтны эрүүл мэндийг хамгаалах.
  • Химийн хорт бодисыг зөв зохистой хэрэглэх, тээвэрлэх, зориулалтын газар хадгалалтад хяналт тавих.
  • Хууль эрхийн дүрэм, журам судалж, хорт бодисын хаягдлыг саармагжуулж устгах талаар арга зүй, зааварчилгаа боловсруулах, экологийн үнэлгээ хийх.
  • Хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлаар бодлого, арга хэмжээ боловсруулах.
  • Лабораторийн хэмжих хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж, бусад хэрэгслийн ашиглалт, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, бүртгэл хөтлөх.
  • Ажилтнуудын химийн тоног төхөөрөмж болон химийн бодистой харьцах журам, зааврыг боловсруулж мөрдүүлэх.
  • Шинжилгээний шинэ техник, технологи судлан нэвтрүүлэх талаар судалгаа шинжилгээ, туршилт хийж, ажлын үр дүнг тайлагнах. 

Мэргэжлийн ур чадвар

Химийн онолын мэдлэгийг гүнзгийрүүлэн эзэмшсэн, шинжилгээ, туршилтын дадлага суусан, химийн судалгааны арга зүй, лабораторид ажиллах арга ажиллагааг эзэмшсэн, химийн технологийн үндсэн зарчим, органик бус бодисыг гарган авах, ялгах химизм зэрэг ерөнхий онол практикийг бүрэн эзэмшсэн байх, гадаад хэлний мэдлэгтэй, бодис ялган таних, тооцоолох, төлөвлөх, шийдэл гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Математик сэтгэлгээтэй, өнгөний болон гарын мэдрэмжтэй, нягт нямбай, химийн бодисын харшилгүй, байгалийн юмс үзэгдлийг судлах дуртай, ажил мэргэжлийн ёс зүйтэй байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс хордлого, осол, гэмтэл авах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Химийн үйлдвэрүүдэд инженер технологч, лабораторын эрхлэгч, химич. Их, дээд сургуульд багш, мэргэжлээр гадаадын технологийн их дээд сургууль, коллеж ба эрдэм шинжилгээний байгууллагад судлаачаар ажиллаж болно. Мөн төрийн захиргааны байгууллагуудад ус, агаарын бохирдол, орчны эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн, удирдах албан тушаалтан болох боломжтой.