ХӨРС СУДЛААЧ /Soil scientist/

Хийж гүйцэтгэдэг ажил

Орчин үеийн судалгааны арга зүйд үндэслэн хөрсний шинж чанар, хөрсөн бүрхэвчийн бүтэц бүрэлдэхүүн, өөрчлөлтийн зүй тогтлыг хөрс үүсвэрийн хүчин зүйлүүд, хүний үйл ажиллагааны нөлөөлөлтэй холбон судалж үнэлэлт, дүгнэлт өгөх. Хөрсний чанарын үнэлгээ, газар тариалангийн хөрсний үржил шим, шим тэжээлийн элементүүдийн хангамжийн зэрэглэл, агроүйлдвэрлэлийн бүлэглэлийг тогтоох судалгаа шинжилгээний ажиллагаа явуулах, зураглал хийх. Хүний үйл ажиллагааны нөлөөллөөр элэгдэл эвдрэл, бохирдолд орсон газрын хөрсний шинж чанарын өөрчлөлтийн талаар үнэлгээ өгөх, цаашид авах хөрс сайжруулалтын арга хэмжээ, зөвлөмж боловсруулах. Байгалийн газарзүй болон хөрс судлалын чиглэлээр хээрийн, суурин судалгаа явуулах, хөрсний зүсэлтийн бичиглэл хийж оношлох, хөрсний дээжинд лабораторийн задлан шинжилгээ хийх чадвартай байна. Дөрөвдөгчийн газарзүй болон палеогазарзүйн үечлэл, зүй тогтол, онол, таамаглалуудын талаар мэдлэг эзэмшсэн, энэ чиглэлээр судалгаа хийдэг.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Хүрз, дээж авах уут, метр, хөрсний чийгшил хэмжигч, хэмжих багаж хэрэгсэл, дуран авай, компьютер, хэвлэгч, олшруулагч, скайнер, бичгийн хэрэглэл, ажлын хувцас, хэрэглэл. 

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Агро-хими, хөрс судлалын чиглэлээр бакалавр зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Хот суурин газар болон хөдөө орон нутгийн иргэдэд газар ашиглалтын талаар төр засгийн бодлого, хууль дүрмийг таниулах, мэдээллээр хангах.
  • Тариаланчид, газрын эздэд газрыг зохистойгоор ашиглах болон өвс ургамал ургуулах, хөрсний элэгдлээс урьдчилан сэргийлэх, засах талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх.
  • Ургамлын ургалттай холбоотой микро үйлчлэл, химийн эрдэсжилтийн харилцааг тодорхойлох, хөрсний микро организмын найрлагын талаар химийн задлан шинжилгээ хийх.
  • Бордоо болон ургацын эргэлт, үйлдвэрийн хог хаягдлын хяналт зэрэг хөрсний менежментийн практикт хариулт болох тусгай хөрсний төрлийн үйлчлэлийг шалган байцаах.
  • Тодорхой менежментийн практикийг хэрэгжүүлсний үр дүнд хөрсний чадал, чанар, үр шим өөрчлөгдсөн эсэхийг тодруулахын тулд хөрсний өөрчлөлтийг судлах.
  • Ялгаатай ургамлын хувьд хамгийн сайн хөрсний төрлийг тодорхойлохын тулд ферм буюу туршилтын станц дээр туршилт хийх.
  • Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг байгууллагын аж ахуй нэгжийн тариалангийн талбайн хөрсөнд шинжилгээ хийж үнэлэлт, дүгнэлт өгөх.
  • Хөрсний үржил шимийг хамгаалах, дээшлүүлэх зорилгоор бордоог шинжлэх ухааны үндэслэлтэй үр ашигтай хэрэглэж нэгжийн ургац ба чанарыг нэмэгдүүлэх. 

Мэргэжлийн ур чадвар

Хөдөө аж ахуйн ургамал, үр тарианы үржил селекци, физиологи, үйлдвэрлэл, ургац, менежмент ба тэдгээрийн хөрсөнд үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийн орчинд хими, физик, биологи, минералогийн бүтцийг судалж, тодорхойлон хөрс арчлах. Хөрсний шинж чанарыг шинжлэн судлах, хөрсний төрлийн газрын зураг зурах ба хөрсийг ашиглах боломж, хөрсний бүтээмжийн талаар сонголт хийж, практик үр дүнг тодорхойлоход хэрэглэгдэж буй менежментийн практикийг хянан шалгах. Хөрсний шинж чанарыг судлах, стандартын дагуу хөрсийг ангилах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Математик, газар зүйн өргөн мэдлэгтэй, сэтгэн бодох чадвар сайтай, хөдөлгөөний эвсэлтэй, нягт нямбай, ажил мэргэжлийн ёс зүйтэй, техник сэтгэлгээтэй, бие дааж ажиллах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, зааврыг мөрдөөгүйгээс осол, гэмтэл, хордлого гарах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Эрдэм шинжилгээ, боловсролын болон төрийн ба төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагад шинжээч, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтэн, удирдах ажилтнаар ажиллах боломжтой.