ДОТОР ЗАСАЛ ЧИМЭГЛЭЛИЙН ДИЗАЙНЕР /Interior designers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Барилгын доторх орон зайг гоозүй, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн уран сайхнаар зохиомжлон хүний ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлнэ. Өнгө, гэрлийн зохилдолгоог бүрдүүлэх, загвар гаргах, зохион байгуулах ажлыг захиалагчийн хүсэлтийн дагуу гүйцэтгэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Шал, обой, чийдэн, эскиз зураг, AutoCAD програм, материал, гэрлийн тусгал, барилгын план зураг, интерьер дизайны гарын авлага, ажлын багаж хэрэгсэл гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Урлагийн болон дизайны чиглэлийн сургуульд суралцаж, интерьер дизайнерийн мэргэжлээр бакалаврын зэрэг авах.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Үйлчлүүлэгчийн хүсэл, сонирхлыг судлах, хэрэгцээнд нийцүүлэн орон зайг ашиглах.
  • Дизайнер нь дотоод засал хийх талбайн хэмжээ, орон зайнд тохируулан зураг зурж, тооцоолох.
  • Хар зураг гаргах эскиз, үндсэн зургаа гаргахдаа програм ашиглах.
  • Дотор засал чимэглэлийн дизайнд шаардлагатай төсөв, ажлын төлөвлөгөө гаргах.
  • Интерьер дизайнер нь үйлчлүүлэгчийн сонирхолд нийцүүлэн үндэсний уламжлалт, орчин үеийн, авангард гэх мэт хэв маягт тохирох тавилга, эд зүйлс сонгох, шийдэл гаргах.
  • Материал, гэрлийн тусгал, тавилгууд болон бусад чимэглэлийн эд зүйлсийг тохируулж, байрлуулах.
  • Төсөл хэрэгжүүлэх явцад үйлчлүүлэгчтэй уулзаж, дизайны шийдлийн талаар санал асууж, тодруулах.
  • Дотор засал чимэглэлийн холбогдолтой шинэ загвар, чиг хандлагыг судлах, мэдээлэл цуглуулах.

Мэргэжлийн ур чадвар

Уран сайхны мэдрэмжтэй, логик сэтгэлгээтэй, зохиомжлох чадвартай, зурж боловсруулах, загварчлах, дүрслэх, ярьж ойлгуулах, шийдэл гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Харилцааны соёлтой, ажил мэргэжлийн ёс зүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй, бие дааж болон багаар ажиллах, шийдвэр гаргах чадвартай, гарын эв дүйтэй, гар болон нүдний баримжаатай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Үйлчлүүлэгчийн санал, сонирхлыг ойлгоогүйгээс дизайны алдаа гаргах, санхүүгийн алдагдал хүлээх.

Ирээдүйд ахих дэвших боломж

Урлаг, интерьер дизайны томоохон төсөл хэрэгжүүлэх, барилгын салбарт удирдлагад ажиллах.