ӨРЛӨГЧИН, ӨРӨГ УГСРАГЧ /Bricklayer, Manson/

Хийж гүйцэтгэдэг ажил

Өрөгч, угсрагч, холбогдох бусад ажилтан нь тоосго, урьдчилан зүсч бэлтгэсэн чулуу, бусад төрлийн барилгын гулдмайгаар өргийн зуурмаг ашиглан хана, ханын уулзвар, булан, хамар хана болон бусад бүтээцийг өрөх, угсрах засварлах ажлыг гүйцэтгэнэ. Барилгын даацын болон даацын бус тоосго, төрөл бүрийн гулдмайн өргийн ажил гүйцэтгэх мэргэшил эзэмшсэн байна.Түүнчлэн бетон-арматурчин, өрөгч, угсрагч мэргэжлийн ажилтан нь барилгын суурь болон сувгийн газар ухах, нягтруулах, тэгшлэх, суурийн хажуугаар шороо хийж чигжих, хөрсний ус зайлуулах, хөрсийг хөлдөлтөөс хамгаалах, хөрс солих, хөрсийг нуралтаас хамгаалах, хөрсийг зохиомол аргаар бэхжүүлэх ажлуудыг гүйцэтгэхэд мэргэшсэн байна.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Хүрз, нийвий, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хувцас хэрэгсэл, хэмжих багаж, метр, булан шугам.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн сургуульд суралцсан, мэргэжлийн зэрэг, үнэмлэхтэй байх. Мэргэжлийн сургалтад хамрагдаж, ажлын байран дээр дадлага хийсэн байж болно.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Чулуу, тоосго, бусад ижил төстэй барилгын гулдмайгаар хана, хамар хана, уурын зуух, гүүрийн тулгуур, тулаасыг өрөх.
  • Өнгөлгөөтөй өрөг өрөх, төрөл бүрийн системээр тоосгон хана өрөх, янз бүрийн гулдмайгаар хана өрөх, ханын өрөг арматурчлах.
  • Гадна хананд дулаалга хийх, дулаалга бүхий олон үет гадна хана арматурчилж өрөх, дуу тусгаарлах үе бүхий дотор хана өрөх.
  • Төрөл бүрийн ялуу угсрах, суурийн болон ханын гулдмай угсрах, тагт болон саравчны хавтан угсрах.
  • Хучилтын хавтан угсрах, бэхлэх, төмөр бетон татанги, дам нуруу, багана угсрах, бэхлэх.
  • Явган зам, замын хашлага, болон явган замын хучилга тавих.
  • Сүүдрэвч, цэцэрлэгийн хана бусад чимэглэлийн өрөг өрөх.
  • Зуурмаг зуурах, бүс болон зүрхэвч бетон цутгах.
  • Угсармал хучилтын завсрыг арматурчилж, бетоноор чигжих.
  • Угсармал төмөр бетон, бүтээц эдэлхүүн тээвэрлэх, ачиж буулгах, хураах.
  • Ган бүтээц угсралтад бэлтгэх, угсрах, тээвэрлэх, өргөх буулгах, хураах.
  • Өндөр болон олон давхар барилгын угсралтын ажил гүйцэтгэх.
  • Дулаалгатай худагт өрлөг өрөх. 

Мэргэжлийн ур чадвар

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн заавар мөрдөх, барилгын стандарт, зургийг баримтлах, техник болон гар ажиллагааны багаж хэрэгсэл ашиглах, ажлын дөртэй, ажил гүйцэтгэх, ярьж ойлгуулах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ажлын ачаалал даах чадвартай, орон зайн мэдрэмжтэй, сахилга баттай, хурдан шалмаг, гар болон нүдний баримжаатай, хөдөлгөөний эвсэлтэй байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэлд орох. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Цаашид барилгын даамал, энэ чиглэлээр мэргэжил дээшлүүлэн суралцсанаар барилгын инженер болж ажиллах боломжтой.