ДАЛД БА ИЛ УУРХАЙН АЖИЛТАН /Miner/

Хийж гүйцэтгэдэг ажил

Далд ба ил уурхайн уурхайн ажилтан нь уурхайн машин, механизм, гар багаж ашиглан гүний болон ил уурхай, карьераас чулуу, ашигт малтмал, эрдэс бодис болон бусад төрлийн баялаг олборлох ажил гүйцэтгэдэг.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Уурхайн гүнээс болон ил хэсгээс ашигт малтмал олборлох үйл ажиллагаатай холбоотой тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, газрын гүнээс болон ил хэсгээс тээвэрлэх, зөөх зориулалттай ханын бэхэлгээ, олс, дамнуурга, тэргэнцэр, вагон, кран, шат гэх мэт тоног төхөөрөмж, хэрэгсэл болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг бүрэн хангасан ажлын хувцас, хамгаалалтын хэрэгсэл гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургууль, хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамрагдаж, мэргэжлийн зэрэгтэй, үнэмлэхтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Далд ба ил уурхайн байнгын ажиллагаатай төрөл бүрийн тоног төхөөрөмж суурилуулах, ажиллуулах, бэхлэгээ, ханын бэхлэгээ хийх, угсрах, ашиглаж ажил гүйцэтгэх, чулуу, хүдэр, нүүрс болон бусад олборлолтыг зөөвөрлөх, тээвэрлэж гаргах машин, механизм, багаж тоног төхөөрөмжийг ажиллуулах.
  • Агаар сэлгэлтийн болон ус, шавар, лаг зайлуулах татуурга зэрэг нэмэлт тоног төхөөрөмж ажиллуулах, машин механизм, багаж хэрэгслийн баг хэмжээний гэмтэл, эвдрэл засварлах, завсар үйлчилгээ, тосолгоо, цэвэрлэгээ хийх.
  • Ээлж гарааны үеэр гүйцэтгэсэн ажил, үйл ажиллагааны тэмдэглэл хөтлөх, лабораторийн шинжилгээний зориулалтаар дээж авах, өгөх болон олборлолт дуусгавар болсны дараа уурхайгаас хог хаягдал, тоног төхөөрөмж, машин, механизмыг гаргах, зайлуулах, холдуулах, чулуу, эрдэс хаягдлыг зайлуулах. 

Мэргэжлийн ур чадвар

Техникийн мэдлэгтэй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм судалсан байх, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл хэрэглэх, ашиглах, уурхайн үйлдвэрлэлийн болон тоног төхөөрөмжийн техникийн ажиллагааны заавар, горим мэддэг байх, засварлах, ажиллуулах,хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ажигч гярхай, анхаарлын шилжилт, хуваарилалт, тогворжилт сайтай, орон зайн баримжаалалтай, харааны мэдрэмжтэй, нүд, гарын хурууны зохицолдолгоо, эв дүйтэй, хөдөлгөөний тэнцвэр, эвсэлтэй, биеийн хөгжил сайтай, ажлын ачаалал даах, дасан зохицох чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус, хүнд, хортой нөхцөл.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ээлжийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, зааварчилгаа мөрдөөгүйгээс аваар осол гарах, эрүүл мэндийн болон эдийн засгийн хохирол учрах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Далд ба ил уурхайн ажилтан нь цаашид уул уурхайн нарийн мэргэжлийн техникийн ажилтан, мастер болох бүрэн боломжтой бөгөөд хэрэв ажилтан хүсвэл уул уурхайн инженер болон бусад мэргэжлээр дээд боловсрол эзэмших боломжтой.