МЕТАЛЛУРГИЙН ИНЖЕНЕР /Metallurgical engineers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Бүх төрлийн металл, төмөрлөгтэй холбоотой олборлон гаргах, боловсруулах, бэлтгэх, шинжлэх, судлах, төмөрлөгийн үйлдвэрлэл, байгууламжид шаардлагатай төрөл бүрийн төмрийн хайлш боловсруулах, хүдрийн биетээс төмөрлөгийг татан гаргах, төмөрлөг агуулагч бүх төрлийн эрдсийн бүтээгдэхүүн хөгжүүлэх зэрэг арга замуудыг хайх, судлах зэрэг ажил гүйцэтгэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, ажлын төлөвлөлт, зураг төсөл, боловсруулалт, загварчлал, хянан шалгах зэрэгт шаардлагатай програм хангамж, тооцооллын бусад техник хэрэгсэл, зориулалтынбагаж тоног төхөөрөмж, мотор, техник, болон бусад тоног төхөөрөмж, ажлын хувцас гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Геологи, уул уурхай, метаалл ургийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Металлурги нь дотроо хоёр салбарт хуваагддаг. Хар төмөрлөг болон өнгөт метал. Хар төмөрлөг нь төмрийн хүдрийн баяжуулалт, олборлолтоос гадна төмөр болон төмрийн хайлшийн (ган, ширэм) үйлдвэрлэл явуулдаг. Өнгөт металлын үйлдвэрлэл нь хайлуулалт (пирометаллурги) болон химийн уусмал (гидрометаллурги) ашиглан хүдрээс метал гаргаж авахад оршино. Тиймээс металлургийн инженер нь аль ч салбарт ажиллах боломжтой. Металлургийн инженер нь дараах ажлыг хийж гүйцэтгэнэ:
  • Технологийн үйл явц, зохион байгуулалтыг хариуцах, техник, технологийг шинэчлэх, боловсронгуй болгох, хүдрээс метал ялган гаргах, тодорхой шинж чанартай хайлш боловсруулах       арга зам, технологийг (температур, химийн найрлага) сонгох.
  • Төмөрлөгийн цутгалт, тэмдэг, бүрхүүл, гагнуурын үйлдвэрлэлийн ажилд хяналт тавих, бүтээгдэхүүний төрөл, чанар дээр хяналт тавих, үйлдвэрлэлийн экологийн орчныг сахиулах.
  • Инженерийн шинэ шийдвэрүүдийг эрэх, судлах, техникийн шалгууруудыг боловсруулж туршилт явуулах, төсөл удирдан ажилах, үйлдвэрлэлийн ажил, төслүүд стандартын дагуу хийгдэж байгаа эсэхийг хянах.
  • Удирдлага болон хэрэглэгчидэд зориулж тайлан болон илтгэл бэлтгэх, илтгэл тавих, хүдрээс металлыг ялгах аргачлал судлах, боловсруулах, тэдгээрийг хэрэглэх талаар зөвлөгөө өгөх.
  • Металл, металлын хайлшны шинж чанарыг судлах, шинэ хайлш гаргаж авах, боловсруулах, үйлдвэрлэлийн явцад гарах асуудлаар зөвлөгөө өгөх, хяналт тавих.

Мэргэжлийн ур чадвар

Хар төмөрлөг болон өнгөт металл гаргаж авах технологийн мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний програмаас гадна зураг төслийн, загварчлалын програмууд дээр ажиллах чадвартай, анхаарлаа төвлөрүүлж ажиллах чадвартай, тооцоолох, загварчлах, төлөвлөх, асуудлыг шийдвэрлэх, өөрийгөө сорьж хөгжүүлэх, шинийг олж мэдэх эрмэлзэлтэй, суралцах, бие дааж болон багаар ажиллах, удирдан зохион байгуулах ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Физик, хими, математикийн мэдлэгтэй, инженерийн сэтгэлгээтэй, гар хурууны зохилдлогоо сайн, тэвчээр хатуужилтай, сэтгэн бодох, ажлын ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус, хүнд нөхцөл.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн эсвэл богиносгосон цагаар ажиллах.

Ажлын явцад гарч болох эрсдэл

 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм мөрдөөгүйгээс үйлдвэрлэлийн осол гарах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Металлургийн инженер нь ирээдүйд шинжлэх ухаан, боловсролын салбарт эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, багш, уул уурхайн төлөвлөлт судалгааны багт судлаач, уул уурхайн баяжуулалтын технологи хариуцсан мэргэжилтэн, төслийн менежер, хэлтсийн дарга зэргээр өсөн дэвших боломжтой. Мөн тухайн чиглэлээр ахисан түвшний сургалт болох магистр, докторын сургалтанд хамрагдаж өөрийн мэдлэг, дадлага туршлагааа нэмэгдүүлэх бүрэн боломжтой.