ӨРМИЙН ИНЖЕНЕР /Drilling engineer/

Хийж гүйцэтгэдэг ажил

Цооногийн өрөмдлөгийн ажлын төлөвлөгөө боловсруулах, өрөмдлөгийн ажил зохион байгуулах, өрөмдлөг, техник-технологийн хяналт хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Өрмийн тоног төхөөрөмж, цооногийн төрөл, өрөмдлөгийн ажлын технологийг мэддэг, ашигт малтмал, эрдэс чулуу, ус, газрын тос болон хийн нөөцийг хуримтлуулагч чулуулгын үүсэл, шинж чанарыг судалж, геологи, геофизик, геохимич болон бусад мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Байрлал тодорхойлогч GPS, компас, геологи, газарзүйн мэдээллийн систем /GIS, тандан судлал/ Remote sensing, 3D болон огтлол, зүсэлтийн програм, зураг төслийн багаж тоног төхөөрөмж, компьютер, хэвлэгч, олшруулагч, төрөл бүрийн хэмжигч, ажлын хувцас гэх мэт. Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл: Геологи,уул уурхайн өрөмдлөгийн чиглэлээр бакалавр зэрэгтэй байх.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Өрмийн ажлын төлөвлөгөө боловсруулах, үйл ажиллагааны зохион байгуулалт хий, өгөгдсөн ажилд тохирох тоног төхөөрөмж ашиглах, олборлолтын талбайд тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар үйлчилгээ бүрэн хийгдсэн эсэхийг шалгах.
  • Геологийн судалгааны өгөгдөлийн дагуу өрмийн ажил явуулах хариуцлага хүлээх (өрөмдөлгийн хазайлт, гүн, чулууны гарц), өрөмдлөгийг хянах.
  • Өрөмдлөгийн ажлын үргэлжлэх хугацааг тодорхойлох, эрсдэлийн үнэлгээ хийх, экологийн тэнцвэрт байдалд хяналт тавих, техникийн аюулгүйн ажиллагааг сахин мөрдүүлэх, өрмийн баг, бүрэлдэхүүний амь нас, аюулгүйн ажиллагааг хангах.
  • Өрөмдлөгийн баримт бичиг, цооногуудын шинжилгээ бүрэн хийгдсэн, үзлэг шалгалт бүрэн дууссан, дүгнэлт зөв гарсан эсэхийг хянах, гүйцэтгэсэн ажлын тайлан бэлтгэх. 

Мэргэжлийн ур чадвар

Газар зүйн болон геологийн мэдлэгтэй, инженер техникийн боловсролтой, тооцоолон бодох, бичгийн боловсруулалт, зурж дүрслэх, загварчлах, тайлан төлөвлөгөө боловсруулах, бэлтгэх, техник тоног төхөөрөмжтэй ажиллах, удирдан зохион байгуулах ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Инженерийн, техникийн, байгалийн ухааны мэдлэгтэй, орон зайн баримжаа сайтай, зааж сургах, бие дааж болон багаар ажиллах, удирдан зохион байгуулах, ажлын ачаалал даах, шийдвэр гаргах чадвартай байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн ба ээлжийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, зааварчилгаа мөрдөөгүйгээс осол, гэмтэл, бэртэл гарах, байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөх.

Ирээдүйд ахих дэвших боломж

Ирээдүйд өрмийн мастераас өрмийн инженер, уул уурхайн инженер зэрэг өсөн дэвших боломжтой.